Бага насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дээшилсэн гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-20 12:03:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг зам тээврийн хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг мэдээлэл олгох “Ногоон гэрэл, цагаан шугам-2018” тэмцээн ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай боллоо.

Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн баг тамирчид тэмцээний тусгай удирдамжийн дагуу замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэгээрээ өрсөлдсөнөөс дөрөвдүгээр сургуулийн баг тэргүүн байрт шалгарав.


“Уламжлал болсон тэмцээний зохион байгуулалт болоод оролцогч багуудын бэлтгэл, ур чадвар жилээс жилд сайжирч байгаа. Харин оролцох багийн тоо буурсан. Энэ нь бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хол замд тээвэрлэхгүй байгаатай холбоотой.

Үнэхээр аль нэг сумаас оролцох хүсэлтэй байвал бид ЦЕГ-аас тусгайлан зөвшөөрөл авч, зааврын дагуу хүүхдүүдээ авчрах ёстой. Бага насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дээшилсэн. Замын цагдаагийн тасаг, төрийн бусад байгууллагуудтай хамтран бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ жил хэд хэдэн ажил хийсэн.

Нэн түрүүнд аймгийн төвийн тойргийн замууд болон сургууль цэцэрлэгийн бүсэд замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчилсэн. Мөн сургалт, сурталчилгааг төлөвлөгөөний дагуу хийж байна” гэж Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Ганзориг мэдээлэв.

Энэ оны эхний 10 сарын байдлаар тус аймгийн хэмжээнд дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж, бэртэж гэмтсэн байна.

Тэмцээнийг уламжлал ёсоор аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Боловсрол. соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмай хороо хамтран зохион байгуулсан.

Холбоотой мэдээ