“Органик хүнс”-ний Үндэсний чуулганаар хөрсний чанарын асуудлыг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-11-20 18:35:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Органик хүнс”-ний үндэсний чуулган “Алсыг хар-Органикийг сонго!” уриан дор 11-р сарын 23-нд болох гэж байна.

ХХААХҮЯ, Монголын бүтээмжийн төв, олон улсын “Адра Монгол” байгууллага, Германы Олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэг, НҮБ-ын ХХАА-н байгууллага, Монгол ногоо төсөл, Азийн бүтээмжийн байгууллага, Нийслэлийн ХХАА-н газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулах "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганаар энэ удаа хөрсний чанарыг сайжруулах, органик бордоо үйлдвэрлэх, бэлчээр болон тариалангийн талбайд элдэв хөнөөл учруулж буй хортон шавжтай органик аргаар тэмцэх асуудлыг хөндөх юм байна.


Органик хүнсний үйлдвэрлэлийн салбарынхан 2030 он гэхэд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувь нь органик баталгаажуулалтад хамрагдсан байх зорилтыг дэвшүүлсэн билээ. Органик салбарын эрх зүйн зохицуулалтын цөм, гол асуудал бол зах зээлд нийлүүлэх органик хүнсийг үнэн зөв баталгаажуулан, хэрэглэгчдэд хүргэх, буруу шошголсон бүтээгдэхүүнээс үүдэн хэрэглэгчид хохирохоос сэргийлэх юм. Тиймээс энэ асуудалд төрийн зүгээс онцгой анхаарч, Органик хүнсний тухай хуулиар эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж өгчээ. 


Чуулганы “Алсыг хар-Органикийг сонго” урианы гол агуулга нь органик, тогтвортой үйлдвэрлэлийн зарчмыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэвшүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн үндэс суурийг тавих, хамгийн гол нь органик хүнсийг сонгож, урт удаан, аз жаргалтай амьдрахад чиглэж байгаа аж.

"Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганы үеэр organicmongolia.mn цахим хуудас, Органик хүнсний бүртгэл, баталгаажуулалтын мэдээллийн сан, Органик хүнс үйлдвэрлэгчдийн клубын нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.



Чуулганыг угтан энэ сарын 20-22-нд “Органик бордоо” сургалт, дадлага болж, эхний хоёр өдөр оролцогчдын дунд онолын мэдлэг олгох сургалт явуулж, сургалтын гурав дахь өдөр Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол экологийн бордоо” ХХК-ийн био бордооны үйлдвэрт практик дадлага хийх юм.

Б.Болд 

Холбоотой мэдээ