Курилын арлуудыг Японд шилжүүлэн өгөхөөс үүдэлтэй эерэг ба сөрөг талууд

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-11-24 15:20:35

Курилын арлуудын харьяаллын талаар Япон, Оросын хооронд үүссэн газар нутгийн маргаан нь хэдэн арван жилийн хугацаанд шийдэгдээгүй хэвээр байгаа билээ. Чухамхүү энэ асуудал нь хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулахад бул хар чулуу мэт саад тотгор болсоор байгаа юм. В.Путин Сингапурт айлчлах явцдаа Японы Ерөнхий сайдтай уулзах үеэр уг хурц асуудал дахин хөндөгдсөн учраас Курилын арлуудыг Японд өгөхөд Оросын эрх баригчид бэлэн байгаа юу гэдэг талаар бодоход хүргэлээ. Энэ талаар Оросын www.1rre.ru цахим хуудсанд бичсэн дүгнэлтүүдийг орчуулан хүргэе.    


Сингапурт болсон В.Путин, Ш.Абэ нарын хэлэлцээний дараа Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэхдээ “Энхийн гэрээг 1956 оны Хамтарсан тунхаглалын үндсэн дээр байгуулж болох юм” гэжээ. Тунхаглалд, Курилын бүлэг арлуудын хоёрыг нь Японд шилжүүлэн өгөх тухай дурдсан байдаг. Энэ талаар Японы Ерөнхий сайд сэтгүүлчдэд шуудхан ярьсан ба 2019 оны эхээр Орост айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. 
 

Сингапурт болсон уулзалтын дараа Аргентинд болох G20-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж амласан. Хэрвээ ямар нэгэн чухал тохиролцоонд хүрэхгүй аваас дээрх айлчлалыг хийх шаардлагатай  юу гэдэг нь эргэлзээтэй. Ямар ч нөхцөл болзол тавихгүйгээр Энхийн гэрээ байгуулъя гэсэн Путиний саналаас Японы тал 2018 оны 9 дүгээр сард эрс татгалзсан билээ.  


Хэдийгээр хоёр тал тухайн асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй боловч Оросын олон нийт маш ихээр түгшиж, харин арлуудын асуудал шийдэгдсэн гэж үзэж буй Японы хэвлэлүүд ялалтаа тэмдэглэж байна. 


Курилыг өгсөнийхөө хариуд Орос улс юу авах вэ?


Орос улсын хувьд ЗХУ-ын нэгэн адилаар Курилын арлуудыг Японд  шилжүүлэн өгөхийг эсэргүүцсээр байна. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн баазууд байрлаж, бүс нутгийн цэрэг-улс төрийн тэнцвэртэй байдлыг бусниулна гэсэн зүй ёсны болгоомжлолтой холбоотой. Гэхдээ Оросын эдийн засгийн байдал хүнд байгаа нь эрх баригчдыг ийм ердийн бус алхам хийхэд хүргэж болзошгүй юм.


Курилын арлуудын Японд өгөх нь Орос улсад дараах байдлаар ашигтай тусч магадгүй. Үүнд:


1.Японы их хэмжээний хөрөнгө оруулалт нь Оросын эдийн засгийг дэмжинэ.

2.Геополитикийн хувьд тусгаарлагдмал байдалд орсон үед хүчирхэг холбоотонтой болно

3.Хятадаас хамаарах нь улам нэмэгдэж буй үед тэнцвэртэй байдлыг бий болгоно

4.Курилын арлуудад АНУ-ын цэргийн баазуудыг байрлуулахгүй гэсэн Японы талын баримт бичгээр баталгаажуулсан амлалт


Японы тал Өмнөд Курилын маргаантай нутаг дэвсгэрийг өөртөө авахыг эрмэлзэж байгаа нь хэд хэдэн учир шалтгаантай. Юуны түрүүнд, Японы хувьд Курилын арлууд нь бэлгэ тэмдгийн утга учиртай ба нэр хүндийн хэрэг юм. Амар мөрний орчмын газар нутгийн асуудлаар Хятадтай тохиролцож чадсан Путиний хэлэлцээ хийх өндөр ур чадварыг онцлон үнэлж буй Японы тал Курилын хойгийн бүх арлуудыг авах тухай асуудлыг босгож ирж мэдэх юм. Хоёр арлыг шилжүүлэн өгөх тухай асуудал бол нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх ердөө “эхний үе шат” гэж Японы хэвлэлүүдэд дүгнэн бичжээ.


Үүний сацуу Америкийн цэргийнхнийг тухайн арлууудад нэвтрүүлэхгүй гэсэн амлалтаа баримт бичгээр баталгаажуулах гэж япончууд яарахгүй байна. Япон бол АНУ-аас асар ихээр хамааралтай улс гэдгийг улс төрийн шинжээчид онцлон тэмдэглэж байгаа бөгөөд харилцаа хурцадсан тохиолдолд Японы тал өөрийн нутаг дэвсгэр дэх Америкийн цэргийн оролцооны талаарх шийдвэрээ өөрчилж магадгүй юм. 


Курилын арлуудыг өгснийх нь төлөө Орос улсад олон тэрбумын хөрөнгө оруулалтыг санал болгож байна. Гэхдээ мөнгө бол хэсэгхэн хугацааны дараа амархан дуусна. Орчин цагийн ертөнцөд хамгийн үнэ цэнэтэй зүйлс бол технологи ба тоног төхөөрөмж билээ. Харин Японы тал стратегийн эрх ашгийн үүднээс тэдгээрийг Орост өгөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.


Арлуудыг Японд шилжүүлэн өгөхөөс үүдэлтэй сөрөг үр дагаврууд


1.Оросын харьяалалд үл хамаарах олон улсын усан орон зайн бүс эрс тэлснээр Оросын цэргийн хөлөг онгоцууд Агнуурын тэнгисээс далай руу нэвтрэх тэнгисийн хоолой хаагдахад хүрэх ба ОХУ-ын Номхон далайн флот байхгүй болно.

2.Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүний олборлолт буурна.

3.Япон, Өмнөд Солонгос, Хятад улс далайн нөөц баялгийг ашиглаж буй байдлыг хязгаарлан хянах эрхээ Орос улс алдсанаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нь суларна

4.Курилын арлуудыг Японд өгснөөр Оросын газар нутгийг наймаалцах үйл явц эхлэх магадлалтай. Оросын нутгийг авахаар өрсөлдөх дараагийн улс нь Хятад байх болно.

5. Хоёр арлыг өгсний дараа Японы тал бусдыг нь авах эрхтэй гэж шаардах болно.

6.Орос улс байгалийн үнэт нөөц баялаг, тэдгээрийн дотор рений гэдэг ховор металлыг олборлох боломжоо алдана. Итуруп арал дээр  олборлодог уг металлыг борлуулснаар жилдээ 70 сая долларын орлого олдог.

7. Японы тал амлалтаасаа ухарч, Курилын арлууд дээр Америкийн агаарын довтолгооноос хамгаалах системийг байрлуулахыг зөвшөөрч магадгүй. Шаардлагатай тохиолдолд АНУ уг системийг маш богино хугацаанд цохилтын хүч болгон өөрчлөн ашиглах боломжтой.


Энэ мэт шалтгаанууд байгаа учраас Өмнөд Курилын арлуудыг Япон улсад шилжүүлэн өгөх асуудлыг шийдэх гэж Оросын тал яарахгүй байна. Харин Японы хувьд энэ асуудал нь маш их ач холбогдолтой бөгөөд яаралтай шийдэх ёстой асуудлуудын нэг юм. Одоохондоо эл асуудлаар хууль эрхзүйн хүрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахаар төлөвлөөгүй байна.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: http://www.1rre.ru/204214-kurilskie-ostrova-yaponii-otdadut-ne-skoro.html

 

Холбоотой мэдээ