Т.Аюурсайхан: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 40 орчим гишүүн оролцохгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunzaya@montsame.mn
2018-11-22 13:40:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн  Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ярихдаа, "Өнөөдөр Монголын төрд маш тодорхой үйл явцууд өрнөж байна. Тиймээс олон нийтэд бодитой мэдээлэл хүргэхээр хэвлэлийнхэнд хандлаа. Монгол төр гацаж байна. Засгийн газрыг огцруулах саналыг нэр бүхий УИХ-ын 26 гишүүн 11 дүгээр сарын 19-нд УИХ-ын дарга М.Энхболдын хамтаар гарын үсэг зурж өргөн барьсан байгаа. Цаашдаа УИХ-ын дарга  Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудад захирагдаж ажиллах ёстой. Нийтийн сонсголын тухайд Ж.Батзандан гишүүн тэргүүтэй УИХ-ын гишүүдийн өгсөн албан тоотыг хуулийн дагуу хэлэлцээгүй. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүдийн нийтийн сонсгол хийх тухай 60 тэрбумын асуудлыг хэлэлцээгүй нь хуульд заасан эрхийг нь зөрчсөн. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах нэр бүхий гишүүдийн саналыг авч хэлэлцээгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоомжоо зөрчсөн гэж УИХ-ын гишүүд бид үзэж байна.  Хамгийн сүүлд Засгийн газрыг огцруулах саналыг нэр бүхий УИХ-ын 26 гишүүн 11 дүгээр сарын 19-нд УИХ-д өргөн барихад  УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан атлаа уг албан тоотыг хүлээн авч, хурлыг удирдахаар зэхэж байгаа нь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасан заалтыг ноцтой зөрчлөө. Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгах ёстой. УИХ-ын дарга бол Үндсэн хууль болон бусад хуулиудыг чандлан мөрдүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа бид ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. УИХ-ын даргын бүх үйлдэлд ард түмэн дүнгээ тавьсан. Хариуцлагын асуудал ярихаар УИХ-ынхаа гишүүдийг талцуулдаг, хуваадаг, нэг талд нь ордог явдлыг бид тэвчихгүй. Энэ зөрчлийг арилтал УИХ-ын 40 орчим гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй. УИХ-ын дарга УИХ-ын тухай хуулийн 10.2-т заасны дагуу өөрийн хүсэлтээрээ албан үүргээ хүлээлгэж өгөх ёстой. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа, ашиг сонирхлын зөрчил арилсны дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд “Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байхгүй гишүүдийн картаар ирц бүрдүүлж байгаад хуралдаанаа хийнэ гэж байна. Тиймээс энэ бол хууль бус хуралдаан байх болно. Үүнийг би эсэргүүцэж байна. УИХ-ын дарга Үндсэн хуулийн цэцэд хандсан албан тоотыг хүртэл техникийн шалтгаанаар удаашруулж байгаа. Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга огцрох ёстой " гэв.  

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн АН-ын УЗ-ийн шийдвэр гарсан байгаа. АН-ын бүлгийн шийдвэр гарч байгаа. Гэхдээ иргэд олон нийтийн санал бодлыг бид сонсох ёстой. Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газар ямар бодлоготой гарч ирэх гэж байгаа вэ гэдэг нь сонирхол татаж байна. 60 тэрбумын асуудал, том бүлэглэл нь дараагийн Засгийн газрыг бүрдүүлнэ гэж сонссон. Тиймээс дараагийн Засгийн газар нь одоогийнхоос дордох юм биш биз гэсэн эргэлзээ үүссэн. Иймээс би бүлгийн гишүүддээ сануулж хэлсэн. "Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох вий дээ" гэж. Намынхаа улс төрийн зөвлөлийн шийдвэрийг мэдээж хүндэтгэнэ. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал, ард түмний санаа бодлыг АН харгалзан үзэх ёстой. Одоо 60 тэрбумын асуудал, Засгийн газрын хариуцлагын тухайд нийгэм төвлөрч байна. Тиймээс нам харгалзахгүй идэж уусан хүмүүст хариуцлага тооцох ёстой” гэв.


Холбоотой мэдээ