Ерөнхийлөгчийн хоригоор МАН-ын бүлэг завсарлага авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-22 17:41:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх явцад МАН-ын бүлэг завсарлага авлаа.

УИХ-ын энэ сарын 2-ны хуралдаанаар ирэх оны төсөв баталсан. Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт онцлон тэмдэглэснийг ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдаанд танилцууллаа.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсөвт тавьсан хоригтой холбогдуулан УИХ-ын даргад албан бичиг ирүүлснийг танилцуулсан юм. Уг албан бичигт 2019 оны төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүдээс гаргасан саналын дагуу хоригт тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой хэмээн дурьджээ. Ингэхдээ ирэх оны төсөвт зохих нэмэлт, өөрчлөлт оруулан батлах боломж байгаа бөгөөд ингэхдээ мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах санхүүжилт гаргах боломж байгааг тодотгосон байна.

Уг асуудлыг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа 16.00 цагт дууссан тул ийнхүү чуулганаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан Хууль зүйн болон Төсвийн байнгын хороог дахин хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэх нь зөв гэсэн санал гаргасан. Мөн С.Эрдэнэ гишүүн тэдний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхийлөгч хоригтоо тодотгол хийж байгаа тул уг асуудлыг бүлгийн хурлаар дахин хэлэлцэх шаардлагатай байгааг онцлоод завсарлага авах хүсэлт тавьлаа.

Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг энэ сарын 28-наас өмнө чуулганаар эцэслэн шийдвэрлэх ёстой юм. Тиймээс МАН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч, хоригийг маргааш буюу энэ сарын 23-ны чуулганы үдээс хойшх хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга хэллээ.

Холбоотой мэдээ