Уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-27 15:41:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ, Тайванийн Ноордхофф сан, Чангэнг эмнэлэг хамтран энэ сарын 21-23-нд Монголын уруул тагнайн эмгэгтэй 15 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийв.

Энэ хүрээнд “Хайрыг нөхнө-2018 уруул тагнайн эмгэгийн мэс заслын эмчилгээний дараах талархлын уулзалт”-ыг энэ сарын 23-нд зохион байгууллаа. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн эмчилгээний багийн тэргүүлэх эмч Г.Аянга эмнэлгийг төлөөлж Тайванийн багт өргөмжлөл гардуулсан юм.


Линкоу Чангэнг эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Луо Лун Жоу эмч хэлсэн үгэндээ, “Уруул тагнайн эмгэгийн мэс засал нь олон тасаг хамтарч хийдэг цогц эмчилгээ бөгөөд цаг алдалгүй хийх шаардлагатай төдийгүй удаан хугацааны туршид хяналтад байх хэрэгтэй. Нийт 9 жилийн хүчин чармайлтын үр дүнд ЭХЭМҮТ өдгөө бие даан мэс засал хийх бүрэн чадамжтай боллоо. Хэрвээ эмнэлгийн тоног төхөөрөмж хангалттай бол илүү чанартай үйлчилгээг хүргэх боломжтой юм” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь, “Дэлхий ертөнцөд төрөлт багасаж байгаа өнөө үед Монгол Улсын хүн ам тасралтгүй өсөж буй нь маш бахархалтай хэрэг юм. Тайванийн Ноордхофф сан, Чангэнг эмнэлэг уруул тагнайн эмгэгтэй хүүхдэд хандсан орчин үеийн эмчилгээний аргачлалыг ЭХЭМҮТ-д амжилттай нэвтрүүлж, олон хүүхдэд аз жаргал бэлэглэлээ. Хүүхэд бол гэр бүл бүрийн, нийгмийн, улс орны үнэт эрдэнэ. Уруул тагнайн эмгэгтэй хүүхэд цаг алдалгүй бүх талын хараа хяналт шаардлагатай бөгөөд Онцгой хүүхдэд онцгой хайрыг өгөхийн төлөө хамтдаа хичээцгээе” гэсэн юм.

Тайванийн Ноордхофф сан 1989 онд байгуулагдсан бөгөөд 2010 оноос Монгол Улстай хамтран ажиллаж уруул тагнайн эмгэгийн мэс заслыг 170 гаруй өвчтөнд  хамтран хийжээ. Тайванийн Чангэнг мемориал эмнэлэгт уруул тагнайн эмгэгийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээний арга барилаас Монголын 13 эмч сургалтад хамраад байна.

Холбоотой мэдээ