"Эерэг цэнэг" манга ном мэндэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөөрхөн зүрх” ТББ-аас санаачлан жендэрт суурилсан хүчирхийлэл, үүнээс сэргийлэх мэдлэг олгох “Эерэг цэнэг” манга /зурагт/ номыг эрхлэн гаргав.
Улаанбаатар инновацийн төвд өнөөдөр болсон уг номын нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Хитакара, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Хөөрхөн Зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд манга номын аудио танилцуулгыг хийж, оролцогчдын дунд номын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Хөөрхөн зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь хэлэхдээ, “Энэхүү манга ном нь орчин үеийн залуусын сонирхолд нийцүүлэн зурмал киногоор тэдэнд хүчирхийллийн талаар ойлголт өгөх, түүнээс сэргийлэх мэдлэг мэдээлэл өгөх зорилготой. "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны хооронд болохтой холбогдуулан уг номоо өнөөдөр олны хүртээл болгож байна" гэв. Энэхүү манга ном нь 3 мянган хувь хэвлэгдсэнээс 2 мянган ширхэгийг нийслэлд, үлдсэнийг нь орон нутгийн сургуулиудаар тараах аж.
"Хөөрхөн Зүрх" ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал 2” нөлөөллийн компанит ажлын хүрээнд дээрх манга номыг бүтээжээ.
Тус нөлөөллийн ажил нь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ үргэлжилж байгаа юм.