Алибаба групп Бразил улсаас үхрийн мах импортолно

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-27 18:11:06

Бээжин /МОНЦАМЭ/. Бразилийн Minerva компани Хятадын Алибаба зэрэг 6 компанитай 5 жилийн хугацаанд хөлдөөсөн үхрийн мах нийлүүлэх тухай санамж бичгийг байгуулав. Энэ талаар тус компанийн удирдлагууд өчигдөр мэдээлэв. Тус компанийн охин компани болох Athena Foods компанийн гүйцэтгэх захирал И.Марс Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Уг санамж бичигт тусгасны дагуу манай компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсний дараа жилд ойролцоогоор 600 сая ам.долларын экспорт хийнэ. Санамж бичгийн гол агуулгыг бид энэ сарын эхээр Шанхай хотод зохион байгуулсан “Импортын үзэсгэлэн”-гийн үеэр гарын үсэг зурж, тохиролцсон. Тухайн үедээ олон нийтэд мэдээлээгүй. Хятадын зах зээл дэх Өмнөд Америкийн махны хэрэгцээ асар их байна” гэжээ.

 Тус компаний Алибаба групптэй байгуулсан санамж бичигт тусгасан нийт дүн 100 сая ам.доллар бөгөөд бусад 5 ААН-тэй байгуулсан баримт бичгийн үнийн дүн мөн ойролцоо аж. Дашрамд дурдахад, Minerva компани нь Өмнөд америк тивд үхрийн махны экспортоор тэргүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд нийт экспортын 21 хувь тус компанид ногдож байна.   


А.Анхбаяр

Холбоотой мэдээ