Магдалена Сегрe:Иргэд санхүүгийн мэдлэгтэй байх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-29 18:15:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Иргэд санхүүгийн мэдлэгтэй байх нь чухал бөгөөд хэрэглэгч санхүүгийн талаар шийдвэр гаргах, бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгоход  нөлөөлдөг чухал хүчин зүйл” гэдгийг “Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ” байгууллага (MEFIN)-ын Олон улсын зөвлөх Магдалена Сегрe онцлов.

Хэрэглэгчийн санхүүгийн мэдлэгийн түвшин нь зөвхөн санхүүгийн хүртээмжид нөлөөлөөд зогсохгүй цаашлаад тэдний эрх ашгийг хамгаалахыг хөнддөг аж. Тэрээр манай улсын хүн амын хүртээмжтэй даатгалын талаарх мэдлэг, боловсролыг үнэлэх, энэ чиглэлээр цаашид хийх ажлын талаар санал боловсруулах зорилгоор өнгөрсөн сард судалгаа хийснээ саяхан МҮХАҮТ-д танилцуулсан юм. Түүнээс Монгол Улсад санхүүгийн хүртээмжийн түвшин ямар байгаа талаар тодруулахад, “Санхүүгийн хүртээмж гэдэг нь товчхондоо иргэд, бизнес эрхлэгчид санхүүгийн үйлчилгээг хүртэх боломж юм. Монголын нийт хүн амын 93.8 хувь нь банкинд данс эзэмшдэг гэсэн тоон мэдээлэл байна. Гэвч хадгаламж, даатгал зэрэг санхүүгийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамрах байдал, иргэдийн өөрсдийнх нь санхүүгийн мэдлэгийн түвшин сул хэвээр байна.


Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсрол, зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг хангалтгүй байгаа нь тэдний итгэлийг сулруулж, цаашлаад санхүүгийн хүртээмжийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс санхүүгийн суурь мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, улмаар санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх иж бүрэн стратеги бий болгох нь зайлшгүй чухал юм.

СЗХ-ноос “Санхүүгийн хүртээмжийн үндэсний стратеги”-ийг боловсруулахаар ажиллаж байгаа нь Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг сайжруулахад үүсч буй саад, бэрхшээлийг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэж харж байна” гэв.

Түүний хийсэн судалгаа санхүүгийн хүртээмжийн ерөнхий сэдвийн хүрээнд хүртээмжтэй даатгалын зохицуулалтын орчин руу илүүтэй чиглэжээ. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй даатгалын зохицуулалтын орчин, бага дунд орлоготой иргэдийн даатгалын хамрагдалт болон энэ хүрээн дэх иргэдийн боловсрол, мэдлэгийн түвшинд судалгаа хийжээ. Зохицуулагч байгууллагаас даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний зорилго, үүрэг болон үр ашиг, цаашлаад даатгуулагчийн эрх үүрэг, мөн тэдний эрх ашгийг хамгаалах тогтолцооны талаар мэдээлэл өгөх кампанит ажлуудыг зохион байгуулах нь их үр дүнтэй байдаг” гэдгийг хатагтай Магдалена Сегрe онцолж байна.

Тиймээс СЗХ иргэдийг даатгалын бүтээгдэхүүний талаар маш сайн ойлголттой болгох, даатгалын хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн зан төлөв, хандлагыг өөрчлөх зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Нэгдсэн кампанит ажил явуулах нь Монголын хүн амын дунд даатгалын соёлыг бий болгох гол хөшүүрэг болох төдийгүй бага орлоготой иргэд болон албан бус бизнесийн салбарт ажиллагсдыг өөрийгөө, хөрөнгөө хамгаалах, нөөц, бололцоогоо үр дүнтэй удирдахад нь тусална. Ийм кампанит ажлын хүрээнд сурталчилгаа, худалдаа хийхээс илүүтэй боловсрол олгох, ухуулах, ойлгуулахад чиглэсэн байдаг. Алслагдсан бүс нутаг болон албан бус салбарт ажилладаг бага орлоготой иргэдэд илүүтэй чиглэж олон нийтийг хамарсан мэдээллийн суваг (хэвлэмэл материал, радио, зурагт, цахим хуудас) болон харилцаа холбооны хэрэгсэл (гар утас) зэрэг олон төрлийн сувгаар мэдээллийг хүргэж ажилладаг. Эдгээр сувгаас иргэдэд хамгийн их хүрч байгаа мэдээллийг турших болон түүний нөлөөллийг үнэлж ажилласан Филиппин улсын туршлагыг MEFIN-ий улсуудын зохицуулалтын байгууллагууд нэвтрүүлж эхлээд байгаа. Монгол Улс ч бас онцлогтоо тохируулан нэвтрүүлэх боломжтой. Хамгийн гол энэ үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх гээд бүхий л шатанд СЗХ дангаараа биш даатгалын салбар дахь бүх оролцогчид хамтран ажиллах нь чухал гэж байв.

Энэ ажлын талаар юу зөвлөх талаар тэрээр, “Энэ нь их өргөн хүрээг хамардаг. Тухайлбал, олон нийтийн санал асуулга явуулахаас эхлээд стратеги боловсруулах, тусгайлсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх, түүний үр дүнг үнэлэх гээд олон ажил бий. Энэ ч утгаараа кампанит ажилд тоглоом, кино, ном, танилцуулах хуудас, үзүүлэн самбар, сургалт, радиогийн хөтөлбөр, шог хөтөлбөр болон жүжигчилсэн тоглолт гэх мэтолон аргыг ашиглаж болдог. Олон улсын туршлагаас харахад даатгалын нөхцөлийг энгийн ойлгомжтой байдлаар тодорхойлох, нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц бололцоо, мөн хувийн секторын үр нөлөө бүхий оролцоог хангах гээд хэд хэдэн бэрхшээл тулгардаг.


Нөгөө талаасаа, даатгалын салбар дахь оролцогчдын сайн удирдлага, зохион байгуулалтыг хангасан, сургагч багш нарыг сайтар бэлтгэж ажиллуулсан кампанит ажил илүү үр дүнтэй явагддаг. Тиймээс зах зээлд оролцогчдын нягт холбоо, харилцаа, тэдгээрийн хүчин чармайлт болон зардал хэмнэхүйц арга хэрэгслийг сонгох нь чухал байдаг. Монгол Улс бага, дунд орлоготой иргэдэд даатгалыг хүргэх, түгээх буюу хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал асуудал. Гол нь хүртээмжтэй даатгалыг сурталчлахдаа ашиглахад тохиромжтой тоон болон чанарын үзүүлэлт бүхий тодорхойлолттой байх, түүнчлэн даатгалын хураамжийг актуар тооцоололд үндэслэн байгуулдаг байх шаардлагатай. Мөн хүртээмжтэй даатгалыг түгээх борлуулалтын сувгийг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тохиромжтой тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал аж.

Тодруулга: Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрт оролцогч орнуудын нэг нь Монгол Улс юм.

 

Холбоотой мэдээ