Иргэд цахимаар эд хөрөнгийн бүртгэлийн бүх үйлчилгээг авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-30 16:14:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ бүрэн цахим системд шилжсэнтэй холбогдуулан улсын бүртгэгчдэд шинэ системийг танилцуулах сургалт өнөөдөр “Новотел” зочид буудлын хурлын танхимд болов.

Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр бүтээсэн тус системийг нэвтрүүлснээр иргэд УБЕГ-аас Эд хөрөнгийн улсын бүртгэлийн 23 төрлийн лавлагааг цахимаар авах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд 6 сая гаруй нотлох баримтыг бүрэн цахимд шилжүүлсэн байна.

Арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Б.Занданшатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр орлогч Жийн-Паскал Нгану, төслийн зохицуулагч Ч.Нургул болон УБЕГ-ын дарга Б.Баасандорж болон бүртгэлийн ажилтнууд оролцлов. 

“Энэхүү систем нэвтэрснээр иргэд харъяалал харгалзалгүй интернэт ашиглан хаанаас ч түргэн шуурхай лавлагаа, мэдээлэл авах боломжтой. Энэ сарын 1-ний өдрөөс 10 төрлийн үйлчилгээ үзүүлж байсан бол одоо 23 лавлагаа мэдээллийг олгох болсныг УБЕГ-ын дарга Б.Баасандорж онцлов.



Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Жийн-Паскал Нгану, "Дэлхийн банкинд Монгол Улсаас энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Дэлхийн банкны Монгол Улсад баримталж буй хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогод нийцсэн тул төсөлд хамтрахаар шийдсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эд хөрөнгийн албан ёсны бүртгэл бий болохоос гадна, шинээр эд хөрөнгө бүртгүүлэх, шилжүүлэх ажил илүү хялбар болно. Зээл авахаар банкинд очиход ч  лавлагаа шаардахгүйгээр шуурхай үйлчилгээ авах боломж бүрдлээ. Тиймээс санхүүгийн хувьд ч үр ашигтай гэж харж байна" гэв. 

Дээрх систем нэвтэрснээр улсын бүртгэлийн үйлчилгээ хөгжлийн шинэ шатанд гарахаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр иргэд аль нэг байгууллагын үйлчилгээ авахаар очиход бүртгэлийн лавлагаа, баримт шаардахгүй болохыг онцолж байв.

Холбоотой мэдээ