Ховд аймагт нийтийн сонсгол анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-04 12:22:35

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ болон "Ховдын толь" ТББ-аас “Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо – зарим хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт сонсголыг  11 сарын 27-нд "Нийтийн сонсголын тухай хууль"-д нийцүүлэн анх удаа аймгийн нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа. 

Сонсголд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны мэргэжилтнүүд, Үйлдвэрчний эвлэл, Барилгачдын холбоо, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Залуу инженерүүдийн холбоо, Ахмадын хороо, Мерси кор олон улсын байгууллага, Ховд аймаг дахь Авлигатай тэмцэх олон нийтийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 30 гаруй хүн оролцлоо. 

Нийтийн сонсгол хийх үеэр Ховдын толь ТББ-ын тэргүүн Г.Төрмөнх төсвийн тухай хууль,түүний журмын хээрэгжилт,нийтэд ил тод,санхүүгийн мэдээлэл олон нийтэд хэр ойлгомжтой хүргэж байгаа нь учир дутагдалтай байгааг хэлсэн юм.

Мөн түүнчлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдахаар төлөвлөж байгаа барилга объектууд, их болон урсгал засварын ажлуудын бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод нээлттэй хүрэхгүй байгаа энэ удаагийн нийтийн сонголд тэмдэглэн хэлсэн юм.

Цаашид холбогдох хууль тогтоомж,түүнийг дагаж гарсан журмуудыг хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлах, төсвийн тухай мэдээллийг иргэдэд ойлгомжтой хүргэх, төрийн албан хаагчид өөрсдөө хууль эрхийн мэдлэгээ дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллахыг ТББ-аас санал болголоо.

 2015 оны долдугаар сарын 08-нд Улсын Их Хурал "Нийтийн сонсголын тухай хууль"-ийг баталсан бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Уг хуулинд ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын асуудлаар Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага жил бүр сонсгол зохион байгуулна гэж заасан байдаг. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Дорнод аймгийг эс тооцвол бусад аймаг, орон нутагт түүний дотор Ховд аймагт нэг ч удаа албан ёсоор сонсгол зохион байгуулаагүй байсан юм.

Холбоотой мэдээ