Гурван талт хамтын хэлэлцээрийн гэрээний биелэлтийг 81,5 хувьтай гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-04 10:05:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр “Нийгмийн түншлэл нийгмийн хариуцлага-2018” сэдэвт сургалт зөвлөлгөөн болж сургууль цэцэрлэгийн удирдлагууд, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажил олгогчид хамрагдлаа.

Энэ үеэр тус аймагт эдийн засгийн хямралын үед ажлын байрыг тогтвортой хадгалах, цалин хөлс, нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилготой Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн гэрээний биелэлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 81,5 хувьтай дүгнэгдсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Оны эхний 11 сарын байдлаар тус аймгийн хэмжээнд ажилгүйдэл өмнөх оны мөн үеэс 6 пунктээр буурсан, байнгын ажлын байр 1007 бий болсон байна.

“Нийгмийн түншлэл нийгмийн хариуцлага-2018” сэдэвт сургалт зөвлөлгөөнөөр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажил зөвхөн ажил олгогчоос хамаарахгүй хамтын үйл ажиллагаанаас үр дүн гарна гэдгийг онцолж байв. Мөн ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн гэрээнд тусгагдсан зүйлүүдийг ханган ажиллахыг оролцогчдод уриалж байлаа. Тус хэлэлцээрт “Ажилтай орлоготой Хөвсгөл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж жил бүр байнгын ажлын байр нэмэгдүүлж ажилгүйдлын түвшинг жил бүр бууруулна, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 12 ба түүнээс дээш сараар ажилгүй байсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг урамшуулах тогтолцоог сайжруулна, аймаг орон нутгийн хэмжээнд иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэхдээ үйлдвэрчний эвлэлийн болон ажил олгогч эздийн байгууллагын оролцоог хангана гэж тусгажээ.

Холбоотой мэдээ