Түүхийн хичээлийг музейн танхимд явуулах нь үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-04 21:13:06

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Орон нутаг судлах музейгээс энэ жил Улиастай сумын 9 цэцэрлэгийн дунд, ахлах бүлгийн 830 гаруй хүүхдүүдэд орон нутгийн музейг үнэгүй үзүүлжээ.

Тэд энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүдэд бахархан дуурайх алдартнууд, монголын түүхийн талаарх сонирхолтой үзмэрүүдийг тайлбарлаж хүүхдүүд музейтэй танилцсан тухайгаа зургаар илэрхийлж музейн алтан фондод дурсгажээ. Мөн Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-эрдэнэ Лаборатори сургуулийн түүхийн багш Н.Ууганбилэг багштай хамтран “Монголын түүх” хичээлийн хүрээнд "Бахархан дуурайх алдартанууд" сэдэвтэй хичээлийг ахлах ангийн сурагчдад нийт долоон удаа музейн танхимд явуулсан нь сонирхолтой үр дүнтэй сургалт болсон байгаа. Түүх бол бидний суралцах бас нэг өв юм. Тиймээс манай музейгээс цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд түүхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдэнд түүхийг шимтэн судлах боломжийг байнга олгодог юм хэмээн аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв.

Оюутнууд түүхийн хичээлийг шимтэн судлаж байна

Аймгийн музейгээс Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн салбар Завхан их сургуультай хамтран “Монголын түүх” семинарт хичээлийн хүрээнд, "Түүхийн хэлхээ" сэдэвтэй нээлттэй хичээлийг явуулжээ.

Энэхүү нээлттэй хичээлийг зохион явуулснаар оюутнууд түүхийн хичээлийг сонирхон судлах, орон нутгийн түүхийн ховор үзмэрүүдийн талаарх мэдлэгээ тэлж зарим оюутан түүхийн талаарх судалгааны ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд түүхийн хичээл болон Завхан нутгийн түүх соёл, музейн ховор нандин хосгүй үнэт үзмэрийг сурталчлах, түүхийн мэдлэгээ баяжуулан бататгах зорилгоор асуулт хариултын "АХА" тэмцээнийг 80 гаруй оюутнуудын дунд зохион байгуулжээ. Асуулт хариултын тэмцээн нь оюутнуудад эх түүхийн талаарх мэдлэгээ бататгах, шалгах, суралцах боломжийг олгосон. Эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа хэдий ч түүхийн хичээлийг шимтэн суралцах, дагнан судлах судалгааны ажлыг хийх хүсэл сонирхолтой оюутнууд их байгаа нь сайшаалтай. Ер нь орон нутгийг судлах музейтэй хамтран түүхийн хичээлийг музейн танхимд явуулах нь үр дүнгээ өгч байгаа хэмээн Завхан их сургуулийн түүхийн багш Б.Очиржав хэллээ. 

Холбоотой мэдээ