Хонины махны экспортыг өсгөх ажил малчны хотноос эхэлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-12-04 16:52:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн 50 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилтоо манай улс 86 гаруй хувьд хүргээд байгаа талаар өнөөдөр ХХААХҮЯ-нд болсон "Хонины махны ашиг шим, экспортыг нэмэгдүүлэх боломж" сэдэвт бага хурал, хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Тодруулбал, Гаалийн статистик мэдээллээр манай улс энэ оны сүүлийн улирлын байдлаар 27.2 мянган тонн мах, дулааны аргаар боловсруулсан 16 мянган тонн махан бүтээгдэхүүн, нийт 43.2 мянган тонн мах гаргаад байна. Экспортолсон бог малын тоо хэмжээ 2016 онд 0.3 мянган тонн байсан бол өнгөрсөн онд 2.6 мянган тонн болж, энэ оны хувьд 3.8 мянган тоннд хүрч өсч байгаа ч бусад төрлийн малын махны экспорттой харьцуулахад чамлахаар дүнтэй байгаа тул манай улсад хонины махыг экспортлох боломжийг дээшлүүлэх хэрэгтэй байгаад өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго оршиж байв.


Нийт мал сүргийн 45.5 хувийг эзэлж буй хонины махны ашиг шимийг хэрхэн дээшлүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг асуудалд хэлэлцүүлэгт оролцогчид төвлөрч, хонины махны үйлдвэрлэлийн эхний шатанд малчид мах экспортлоход хамгийн эхэнд шаарддаг малын эрүүл ахуйг эхнээсээ биелүүлж, биоаюулгүй байдлыг шаардлагыг хангаж, эцсийн шатанд бүтээгдэхүүн болгон гаргахад мах боловсруулагчид дулааны аргыг сонгох уу, халал аргаар бэлтгэх үү зэрэгт анхаарах хэрэгтэй байгаа талаар мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцсон юм.


Манай улсаас мах импортлон авч буй улс орнуудын хувьд ОХУ болон БНХАУ-ын Хорио цээрийн байгууллагуудын зүгээс хэдий зөвшөөрөл, лицензтэй ч гэсэн мах экспортолж буй манай ААН-үүдийг дахин сонгон шалгаруулалтанд оруулах шаардлага тавьдаг, үүнд нь манай томоохон экспортлогч компанийн үйлдвэрүүд тэнцэхгүй болчихдог хязгаарлагдмал байдал махны экспортод гарч буйг өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр МХЕГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ганхуяг хэлж байв. Энэ нь нөгөө талаар тухайн орны хөрөнгө оруулалттай компаниуд манайхаас мах авах болсонтой холбоотойг мэргэжлийн зарим хүмүүс үгүйсгэсэнгүй.


ХХААХҮЯ-наас 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд тэжээлийн тариалан, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, мах бэлтгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, боловсруулах салбарыг хөгжүүлэх, махны дотоодын хэрэглээ ба экспортыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан. Аяны үр дүн эхнээсээ гарч, өмнөх жилүүдээс махны экспортын нэр төрөл, хэмжээ нэмэгдэн, дулааны аргаар боловсруулсан махыг гадаад зах зээлд гаргаж эхэлсэн.

Хонины махны экспортын хувьд манай улс эхний ээлжинд эр хургыг гадаадад түлхүү гаргаж байна.  Ойрхи дорнодын Арабын орнууд манайхаас хонины мах авдаг аж. 

 


Тэгвэл махны тэр дундаа хонины махны ашиг шимийг дээшлүүлж, экспортыг хэрхэн зөв төлөвлөх, үнэ цэнийг нэмэгдүүлэх тал дээр эрдэмтдийнхээ санаа бодол, байр суурийг сонсох, түүнийгээ бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилгоор тус хэлэлцүүлгийг ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн, Мах маркет ХХК, ХАА-н Эдийн засаг, хөгжлийн судалгааны төв, Инвест Ко-Оп Монгол төслөөс хамтран зохион байгуулсан юм.

Тодруулга: Манай улс адууны махнаас бусад малын махыг үйлдвэрлэлийн процессоор дулааны аргаар боловсруулан экспортолж байна. Тодруулбал, Монголд өнөөдөр мах экспортлох боломжтой, экспортын индексийн дугаар авсан мах төхөөрөх 56 үйлдвэр, дулааны аргаар боловсруулах 47 үйлдвэр ажиллаж байна. Махыг дулааны аргаар бэлтгэнэ гэдэг нь 80-90 градусын өндөр хэмд чанаж боловсруулахн улмаар экспортод гаргахыг хэлдэг байна. Гадаадын улс орнууд адуу, үхэр болон өсвөр насны малын мах түлхүү импортолж, хонины махны экспортын хэмжээ доогуур байдаг нь улс орнууд манай хонины махыг өөх ихтэй гэдгээр бага авдаг байна. Тиймээс хонины махыг дулааны аргаар боловсруулсны дараа ангилан ялгаж экспортод гаргаж байна.

Б.Болд

 

.

Холбоотой мэдээ