Олон улсын олимпын хороотой байгуулсан түншлэлийн гэрээгээ сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-12-04 17:16:54

ЛОЗАННА. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани Олон улсын олимпын хороотой байгуулсан түншлэлийн гэрээгээ 2028 он хүртэл дахин найман жилээр сунгахаар болсон тухай компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.


Өмнө байгуулсан гэрээний дагуу тус компани нь 2020 оны Токиогийн зуны олимпын наадам хүртэл олон улсын спортын арга хэмжээг ивээн тэтгэхээр тохиролцсон байсан юм.


Харин шинэчилсэн гэрээний дагуу, дэлхийн мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Samsung” компани 2022 оны Бээжингийн өвлийн олимп, 2024 оны Парисын зуны олимп, 2026 оны өвлийн олимп болон 2028 оны Лос-Анжелесийн олимп зэргийг ивээн тэтгэхээр болжээ. 2026 онд болох олимпын наадмыг хаана зохион байгуулах талаархи шийдвэр хараахан гараагүй байгаа билээ.


“Дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын түншээр сүүлийн 22 жилийн турш ажилласан “Samsung” компани нь итгэл найдвар, найрамдал нөхөрлөл болон эв нэгдлийг хөхиүлэн дэмжсээр ирсэн юм” гэж компанийн гүйцэтгэх захирал Ко Дун Жин хэлжээ.


Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Samsung Electronics” компанийн энэхүү шийдвэрийг таатайгаар хүлээн авсан байна. 

Холбоотой мэдээ