Т.Ганболд: Энэ онд алт тушаалт 20 тоннд хүрэхээр байгаа нь чамлахааргүй үр дүн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-05 18:25:57


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алт олборлогчид Засгийн газраас баталсан “Алт-2” хөтөлбөрийг дэмжиж төрийн захиргааны болон орон нутгийн удирдах байгууллагуудтай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан ажиллаж байна.

"Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Эх орны алтыг Эрдэнэсийн санд” тушаах аянд идэвхтэй оролцож, алт олборлогчдод хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг тавьсан ч зээл зорилтот үйлдвэрлэгч нарт хүрэхгүй байгааг анхааралдаа авч ажиллаж байна" гэж өнөөдөр хуралдсан “Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын бүх гишүүдийн VI хурал дээр тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд хэллээ. 


Тэрээр, “Энэ улирлын байдлаар манай улс 19 тонн алт олборлон тушааж, нийлүүлэлт жил бүр нэмэгдэж ирсэн нь Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон мөрдөж, алтны үйлдвэрлэлт өссөний нэг үр дүн" гэдгийг онцолсон бөгөөд энэ онд алт тушаалт 20 тоннд хүрэхээр байна гэв. Монголбанкны хүлээлт 22 тонн байсан ч энэ нь Төвбанкнаас хамаарах бус, геологи, уул уурхайн өнөөдрийн нөхцөл байдлаар алтны хайгуул, нөөц, олборлолттой холбоотой хүчин чадлын асуудал юм. 20 тонн гэдэг өөрөө харьцангуй том тоо. Дээд цэгтээ ойрхон тулж буй, чамлахааргүй үр дүн.

Энэ бол валютын дүнгээр 800 сая ам.доллар гэсэн үг. Ийм хэмжээгээр эдийн засаг тэлж, валютын нөөц нэмэгдэж байгаа юм. Төр, засгийн үйл ажиллагаа, ялангуяа бодлого, эрхзүйн орчин тогтвортой байх юм бол алт олборлогчид тушаалтыг одоогийн 20 тонноос буулгахгүй барихын төлөө  зүтгэж ажиллана” гэдгийг тодотгож байв.


Өнөөдөр зарим хүмүүсийн яриад байгаа шиг, хулгайгаар алт гаргаж байна гэсэн хардлага бодит амьдрал дээр байхгүй, яагаад гэвэл татварын гол эрхзүйн орчин, Монголбанкны алт худалдан авалтын аргачлал, нөхцөл байдал нь гадагшаагаа алт гаргах ямар ч ашиггүй болгосон.


“Геологи, уул уурхай, алтны салбарт хайгуулын үйл ажиллагаа нь нөөц, ашиглалт зэргийг тодорхойлж явдаг учир хайгуулын ажлыг хийх нь санхүүгийн хувьд том эрсдэл  дагуулж явдаг.  Мянган га талбайгаас нэг л орд гардаг,  эрсдэл ихтэй ажил бөгөөд хэрэв юу ч гарахгүй бол хайгуулд зарцуулсан тэрих хөрөнгийг буцаан авах боломжгүй “хаядаг”, ийм л өвөрмөц онцлог бүхий салбар юм. Ийм учраас энд эрсдэл хийх том хэмжээний мөнгөтэй, техник технологи, тоног төхөөрөмжийн ноу хау-тай, мэргэшсэн гадны компаниудыг оруулж ирэхээс өөр аргагүй бөгөөд эрхзүйн орчин нь өөрөө үүнд бэлэн, тааламжтай, тогтвортой байх нь чухал. Ингэж байж нөөцөө тодорхойлж ашиглах ч ийм боломж өнөөдрийн хувьд дотоодын компаниудад байхгүй байна” гэв.


 

Б.Болд

Холбоотой мэдээ