Тариалан эрхлэгчид дундын агуулах, дундын үйлдвэртэй болох нь чухал гэж онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-10 16:01:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тэртээ 59 жилийн өмнө Зэлтэр сайхан нутгийн үржил шимт хөрсөнд  атрын анхны шанг татаж, газар тариалангийн бие даасан салбарыг хөгжүүлэх их үйлс эхэлж, Сэлэнгэ нутгийн ард иргэд онцгой үүрэг хүлээх их ажлын эхлэл тавигджээ. Сэлэнгийн тариаланчид буюу эл салбарынхан ард түмнээ экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж  яваа баялаг бүтээгчид гэдгээрээ онцлогтой.  

Газар ээжийн өгөөж, тэнгэр эцгийн хишгийг хүрсэн их хөдөлмөрийн үр шимээ Сэлэнгэ түмэн намар намартаа ихээхэн баяр ёслолын байдалд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн удирдлагын баг хамт олны хувьд хоёр жил завсарласны дараа энэ жил маш өргөн дэлгэр тэмдэглэлээ.   

Сэлэнгийн тариаланчдын хувьд 2018 онд байгаль цаг уурын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалтын явцад хүндрэл бэрхшээл тулгарсан ч тариаланчид тэд өөрсдийн мэдлэг туршлага, техникийн хүчин чадлыг зүй зохистойгоор хуваарилан ашиглаж, аймаг, орон нутгийн хамтын хүч дэмээр төлөвлөсөн ургацаа бүрэн хэмжээнд хураан авчээ.

Сэлэнгэчүүд улаанбуудай 128.6 мянган га талбайд хураалт хийж нэгж га талбайгаас 14.2 цн буюу 182.9 мянган тн, тосны ургамал 17.9 мянган га талбайд хураалт хийж нэгж га талбайгаас 6.8 цн буюу 12.1 мянган тн, тэжээлийн ургамал 14.7 мянган га талбайд хураалт хийж нэгж га талбайгаас 12 цн буюу 17.6 мянган тн, төмс 2654 га талбайд хураалт хийж нэгж га талбайгаас 133 цн буюу 32.1 мянган тн, хүнсний ногоо 2618 га талбайд хураалт хийж нэгж талбайгаас 124.0 цн буюу 31.6 мянган тн ургац хураан авч, Улсын хэрэгцээт үр тарианы 50 орчим хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 36 хувийг хангаад байна.

Хушаатчууд дахин манлайллаа

Сэлэнгэ ургацын баяр 2018” арга хэмжээний шилдгүүдээр нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудайн ургац авч тэргүүлсэн сумаар Хушаат, нэгж талбайгаас хамгийн их төмс хураан авч тэргүүлсэн сумаар Орхон, нэгж га талбайгаас хамгийн их хүнсний ногоо хураан авч тэргүүлсэн сумаар Мандал, газар тариалангийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжээр Зүүнбүрэн сумын “Арвин хур ХХК, нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудайн ургац хурааж тэргүүлсэн аж ахуйн нэгжээр Хушаат сумын “Момо Агро” ХХК, хамгийн их жимс жимсгэнэ тариалж хураан авсан аж ахуйн нэгж, иргэн-Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн С.Наранцогт, хөрс хамгаалах чиглэлээр дэвшилтэт арга технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгжээр Хушаат сумын “Өгөөж мандал уул ХХК, газар тариалангийн салбарын шилдэг менежерээр Цагааннуур сумын “Товхон хан ХХК-ийн захирал Г.Энхболд, газар тариалангийн салбарын шилдэг механикжуулагчаар Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа ХХК-ийн механикжуулагч Ч.Чимэддорж, шилдэг өрхийн аж ахуй эрхлэгчээр Сүхбаатар сумын Хонгорморьт 1-р багийн ногоочин Л.Алтанцаг нар шилдгүүд боллоо.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуй нэгж, 150 иргэд байгаа бөгөөд нийт 305.5 мянган га эргэлтийн талбайг эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Жилд дундажаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж,125 гаруй мянган га-д уринш бэлтгэж байна.

Тариаланчид ганд тэсвэртэй, богино болцтой, арвин ургацтай буудайн сортыг чухалчилж байна

Газар тариалангийн гол бүс нутгийн хувьд аймгийн удирдлагын бага “Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг эрхлэх стратегийн бүс нутаг болгох” саналыг Засгийн газарт уламжилснаар 2018 оны Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн 16 сумын 46 багийг газар тариалангийн бүс нутаг болгон тогтоосон.

Байгаль цаг уурын хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалтай уялдуулан манай тариаланчид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ганд тэсвэртэй, богино болцтой, арвин ургацтай буудайн сорт сонгож тариалахыг чухалчилж байгаа. Сэлэнгэ аймаг эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болсонтой холбогдуулан сэлгээндэх таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тэжээлийн ургамал тариалж, рапсыг нийт тариалах талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх бодлогыг аймгийн зүгээс баримталж байгаа ажээ. Мөн ашиглаж, эзэмшиж байгаа талбайнхаа хөрсний үржил шимийг дээшлүүлэх, эвдрэл, элэгдэлээс хамгаалах үүргийг газар тариалан эрхлэгчид ухамсарлан, сум орон нутгийн онцлогт тохирсон, өөрийнхөө нөөц бололцоонд тулгуурлан хөрс хамгаалах технологийг мөрдөх шаардлагатай байгааг аймгийн дарга онцоллоо.  

Газар тариалангийн үйлдвэрлэл сэргэн хөгжиж амжилт ололт нь тогтмолжиж байгаа ч энэ салбарт тулгамдсан асуудал, бэрхшээл байсаар байна

Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хангах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо”, “Эрчимжсэн үхрийн аж ахуй”, “Жимс, жимсгэнэ” зэрэг бие даасан хөтөлбөрүүдийг батлан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэн хөгжиж амжилт ололт нь тогтмолжиж байгаа хэдий ч энэ салбарт тулгамдсан асуудал, бэрхшээл байсаар байгааг баярын хурлын индэр дээрээс аймгийн ИТХ-ын дарга Ш.Бямбаа онцоллоо. Тухайлбал техник, технологийн шинэчлэл, мэргэжлийн боловсон хүчний хангамж, механикжуулагчдын залгамж халааг бэлтгэх гээд олон асуудлыг тэрээр дурьдсан. Тодруулбал асар их хөрөнгө хүч зарж, зовж зүдэрч байж ургуулсан тариа будаа, төмс хүнсний ногоогоо борлуулах зах зээл, үнэ өртөг нь бусдаас хараат байсаар байгаа нь газар тариалангийн салбарын том бэрхшээл болж байгаа аж. Иймээс тариалан эрхлэгчид хөрөнгө хүчээ нэгтгэн дундын агуулах савтай, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дундын үйлдвэртэй болох нь хамгийн энэ тэргүүний бодох зүйл гэнэ.

 

Сэлэнгэ брэндийг бий болгоно

Түүнчлэн аймгийн зүгээс төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, хүн ардаа экологийн цэвэр хүнсний ногоогоор хангах, нэр төрлийг  олшруулах, хүнсний ногоо тариалагч иргэн, айл өрх, аж ахуйн нэгжийн ашиг орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо хөтөлбөр”, “Жимж, жимсгэнэ  хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хүрээнд ногоочдынхоо борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын томоохон зах, супермаркет, худалдааны төвийн талбайд 17 сумын 270 гаруй ногоочдоо дэмжин ажилласнаар манай ногоочид 2150 тн төмс, 3250 тн хүнсний ногоо, 10000 ш даршилсан ногоо, 3.1 тн жимс жимсгэнэ, хоёр тн зөгийн бал борлуулж, 4.2 тэрбум төгрөгний борлуулалт хийжээ.

Цаашлаад Сэлэнгэ аймгийн зүгээс Хушаат сумын “Элит үр” ХХК-тай хамтран Сэлэнгийн бүсэд тохирсон өндөр ургацтай, амтлаг “Сэлэнгэ-5” сортын төмсний үрийг 2019 оноос эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж, Сэлэнгийн брэндийг бий болгох. Мөн Шаамар суманд “Өсөх буудай” ХХК-тай хамтран хүлэмжийн загвар аж ахуй байгуулах ажлуудыг эхлүүлжээ. Мөн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 30-н хоршоо, Адра олон улсын байгууллагатай, Монгол ногоо төсөлтэй хамтран органик хүнс үйлдвэрлэх ажлыг хийж байгаа аж. Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн газартай хамтран төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор гар утасны апплейкшн боловсруулан 2019 оноос хэрэгжүүлэхээр болжээ.

Атрын 60 жилийн ой нь Сэлэнгэчүүдийн түүхэн бахархалт баяр байх ёстой гэлээ

Ирэх 2019 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс энэхүү түүхэн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргаж ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган холбогдох байгууллага албан тушаалтанд үүрэг чиглэл өгчээ.

Энэхүү ойг угтаж аймгийн төр засгийн байгууллага, аж ахуйн нэгж айл өрх бүр бүтээлч санаачилга өрнүүлэн ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уриаллаа. Энэ ч утгаараа атрын анхдагч Сэлэнгэчүүдийн хувьд атар газар эзэмшсэний 60 жилийн ойг атарчдын алдраа дурсах, хойч үедээ сурталчилан, таниулан ёслол төгөлдөр тэмдэглэх учиртайг баярын индэр дээрээс аймгийн Засаг дарга хэллээ. Иймээс ой угтсан ажлын хүрээнд ахмад, дунд, залуу үеийн дурсамж уулзалтыг зохион байгуулах, “Атар газар эзэмшсэн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх” онол үйлдвэрлэлийн бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтдийг өргөн оролцуулж, зохион байгуулах, атар эзэмшихэд байгуулагдсан Сэлэнгэ аймгийн САА-н суурин дээр өнөөгийн сумд суурилан хөгжиж байгаа тул сум бүр САА үүсэн байгуулагдсан он цаг, нэрийг мөнхлөх зорилгоор сум орон нутаг судлах танхимд атарчдын булан байгуулан алдрыг мөнхжүүлэх, Газар тариалангийн дэвшилтэд техник, технологийн талаар Фарм шоу зохион байгуулах зэргээр олон ажлыг төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ