Ж.Бямбадорж: Хүний эрхийн асуудал цаг минут тутамд сөхөгдөх учиртай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-10 17:43:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил тус өдрийг угтан Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчдын 25 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнүүлсэн талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэлж байв.

Тэрбээр “Хүний эрхийн өдрийг зөвхөн энэ өдрөөр хязгаарлан ойлгох нь өрөөсгөл юм. Амьдрал үргэлжилж буй цаг минут тутамд хүний эрхийн асуудал сөхөгдөж, иргэдийн эрхийг хамгаалах, хүндэтгэх үйлс түгэн дэлгэрч байх учиртай. Ингэхийн тулд хүн бүрийн хараа хяналт, хүчин зүтгэл, хүний эрхэд суурилсан хандлага, соёл ихээхэн чухал байна” хэмээн онцлов.

Тус комиссоос дээрх өдрийг угтан нэг сарын хугацаатай тусгай аян зохион байгуулж ХЭҮК-ын 21 аймаг дахь гишүүд тус бүр хүний эрхийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Мөн иргэд болон зорилтот бүлгийн 400 гаруй сургагч багш нартай хамтран хүний эрхийн талаар сургалт хийж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цагаан туузтаны аяныг өрнүүлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос ирүүлсэн мэндчилгээг уншиж танилцуулав.

“70 жилийн өмнө улс орнууд дайн дажинд нэрвэгдэж, эдийн засгийн хямралд өртсөний дараа дэлхийн удирдагчид нэгдэн нэгэн төлөвлөгөө боловсруулсан байдаг. Энэхүү төлөвлөгөө нь “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” байсан бөгөөд дэлхий дахиныг зөрчил маргаан, зовлон зүдгүүрээс ангижруулж, нийгэм, улс орон хоорондын харилцааг тогтвортой, энхтайван байх явдлыг хангахын тулд гаргасан сайтар боловсруулсан чиглүүлсэн. Тус тунхаглал нь эрх чөлөөний хөдөлгөөнийг хийх гол хөшүүрэг болж, шударга ёс, нийгмийн хамгаалал, эдийн засгийн боломж бололцоо болон улс төрийн оролцооны хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн хүчин зүйл билээ. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүндэтгэж байгаа аль ч газар сая сая хүний нэр хүнд, эрхэм зэрэг дээдлэгдэж, зовлон зүдгүүр холуур өнгөрч, илүү шударга нийгмийн суурь тавигддаг. Бид хүний эрх тэгш байдлыг хангаж, хүний нэр төр, эрхэм зэргийг хүндэтгэх ёстой. Бид үүнийг хийж чадна. Бид бүгд дэлхийн хаана ч байсан хүн бүрийн хүний эрхийн төлөө бат зогсож, өөрчлөлтийг авчирч чадна” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссар Мишэлл Бачэлэт мэндчилгээ дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ