“Алтан бөмбөг-2018” наадмын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-13 15:34:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Айлчлан ирж 2019 оны босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбоо онцгой амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдаа тодруулдаг бөгөөд энэхүү "Алтан бөмбөг-2018" наадам өчигдөр /12.12/ болж оны шилдгүүд шалгарлаа.

Дөрөв дэх удаагийн энэхүү арга хэмжээнд оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгаруулсан бөгөөд шилдгүүдийг танилцуулж байна.



“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ” Ц.Ганболд

2018 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг болон “Монголын тэмүүлэл” клубийн дасгалжуулагч Ц.Ганболд тодорлоо. Монгол улсад охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хөгжихөд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Ц.Ганболд дасгалжуулагч 2018 онд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамтаар түүх бүтээсэн юм. Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд анх удаа өрсөлдөж, гайхалтай тоглолтуудыг үзүүлэн хоёрдугаар шатанд шалгарсан. Мөн “Токио 2020” зуны олимпын наадмын урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнд дөрвөн тоглолт хийж, дөрвөн гоол бүртгүүлэн, нэг оноо авч чамлахааргүй амжилтыг үзүүлсэн.


2018 ОНЫ “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс тодорлоо

Майкл Вайсс дасгалжуулагч 2018 онд эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давж түүхэн амжилт үзүүлсэн. Мөн ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр хийсэн тоглолтоор Лаосыг талбайд нь 1:4-өөр хожиж, анхны албан ёсны нөхөрсөг тоглолтын хожлыг авсан билээ.


"ОНЫ ШИЛДЭГ ГООЛ"-ЫН ЭЗЭН А.Тэмүүжин

Улаанбаатар сити клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжиний "Сэлэнгэпресс" клубийн хаалганд оруулсан гоол үзэгчдээс авсан санал асуулгыг тэргүүлж 2018 оны шилдэг гоол боллоо.

“ОНЫ ШИЛДЭГ ГАДААД ТОГЛОГЧ” Норито Хашигүчи

2018 оны “Шилдэг гадаад тоглогч”-оор “Атлетик 220” клубийн хагас хамгаалагчаар Норито Хашигүчи шалгарлаа. Норито Хашигүч 2018 оны “Мазала үндэсний дээд лиг”-ийн улиралд 18 тоглолтод 10 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн. Дээд лигт муугүй тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь “Атлетик 220” дөрөвдүгээр байрт орсон юм. Харин “Атлетик 220” МХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын тэмцээнд аваргалахад Япон хагас хамгаалагч Норитогийн хувь нэмэр үнэлж баршгүй байв. “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны “Шилдэг гадаад тоглогч” номинацийг хоёр жил дараалан Япон улсын тоглогч авч байгаа нь энэ буюу Норито Хашигүчи Монголд байхгүй тул "Атлетик 220" клубийн төлөөлөл түүний шагналыг авлаа.

 “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ” А.Алтантуяа

2018 оны “шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Арвис” клуб төдийгүй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалагч А.Алтантуяа тодорлоо. А.Алтантуяа “Арвис” клубын эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна Зүүн Азийн АШТ-ий нгдүгээр шатыг анх удаа давсан эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалалтын гол хүн байсан юм.

Тоглогч төдийгүй өсвөрийн багийн дасгалжуулагчаар ажилладаг А.Алтантуяа “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн шагналыг хоёр дахиа хүртэж байна.

“ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ” Н.Цэдэнбал

2018 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Улаанбаатар сити” клубийн зүүн жигүүрийн хамгаалагч Норжмоогийн Цэдэнбал тодорлоо. Н.Цэдэнбалын Гуамын багийн эсрэг оруулсан гоол Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг анх удаа давах “тасалбар” байсан юм. Үндэсний шигшээ багийн энэ завгүй жилийн хамгийн чухал хүмүүсийн нэг байж чадсан Н.Цэдэнбал нийт 10 тоглолт хийхдээ хоёр гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгчээ.

Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубийнхээ хамтаар улирлын эхэнд “Супер цом”-ын аварга болж, “МХБХ-ны” цомын тэмцээнд аман хүзүүдсэн билээ. Клубийнхээ ахлагч төдийгүй, үндэсний шигшээ багийн салшгүй нэг хэсэг Н.Цэдэнбалд шилдгийн шагналыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар гардууллаа.

"2018 БЭЛГЭДЛИЙН 11"

"Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагааны хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг "Бэлгэдлийн 11" тоглогчид дараах тоглогчид багтав.

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ, Хамгаалагчид: Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай, Н.Цэдэнбал

Хагас хамгаалагчид: Б.Балжинням, Х.Цэнд-Аюуш, Ж.Сүндорж, М.Төгөлдөр, Довтлогч: Б.Хаш-Эрдэнэ, Н.Наранболд

Уг нэр хүндтэй шагналыг дэлхийн домогт 100 тоглогчийн нэг "Алтан бөмбөг 2018" ёслолын үйл ажиллагааны зочин Петер Шмейхель гардууллаа.


“ШИЛДЭГ ШҮҮГЧ” Р.Жаргалсайхан

Монгол Улсаас төрөн гарсан анхны Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” Р.Жаргалсайхан 2018 оны “Шилдэг шүүгч” боллоо. Шүүгч болохоор МХБХ-ны босгыг алхсанаас хойш таван жил өнгөрч байгаа ч Р.Жаргалсайхан, шүүгчийн хувьд маш богино хугацаанд өсөлт гарган, ОУХБХ-ны шүүгч, Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” болж чадсан нь энэ шагналыг хүртэхэд хүргэж байна.

Энэ онд МХБХ-ны 59 жилийн түүхэнд тохиогоогүй олон үйл явдал болсны нэг нь анхны “АХБХ-ны элит” шүүгчтэй болсон явдал байлаа.

Холбоотой мэдээ