Хүүхэд хулгайлсан гэмт хэрэгтэнд 3 жил хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-13 17:34:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгаас 5 настай охиныг хулгайлсан хэргээр П.Батсуурьт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүх хурал өнөөдөр болов.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд болсон эл шүүх хурлаар П.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зйүлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, “Бага насны хүүхдийг санаатайгаар хулгайлсан” хэргээр гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оноов.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч 8 дугаар сарын 21-нд Дархан-Уул аймгийн 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэх газраас 5 настай "Э" гэх охин ор сураггүй алга болсон хэрэг гарсан. Тус аймгийн цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын хамтарсан 112 алба хаагч охиныг эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсан бөгөөд удалгүй охиныг 37 настай П.Батсуурь гэх эмэгтэй хулгайлсан байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж, тогтоосон байна.

Гэмт этгээд ярихдаа, “Охинтой болох гэж дандаа боддог. Ингээд Дархан хотод очсон. Гэрийнхээ хашааны гадаа тоглож байгаа хүүхдийг дагуулж явсан. Охиныг Дархан хотоос Улаанбаатар хотод гэртээ авч ирж хамт амьдарч байсан” гэжээ. 


Холбоотой мэдээ