АНУ-ын Төрийн департаментын Тусгай элчийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2018-12-14 15:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай элч Марк Ламбертыг  2018 оны 12 дугаар сарын 13-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, түүний дотор бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол Улс нь Зүүн Хойд Азийн аюулгүй, тогтвортой байдал, ялангуяа Солонгосын хойгийн асуудлыг улс төр-дипломат, харилцан ойлголцол, энхтайвны замаар шийдвэрлэхийн төлөө тууштай байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ санаачилгыг жил бүр зохион байгуулж ирснээ онцлов.

Америкийн талаас ЗХА-ийн бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг үр дүнтэй биелүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ