Давс багатай бүтээгдэхүүнийг дэмжих аян үргэлжилнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-12-15 16:09:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 2017 оноос эхэлсэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аянг ирэх 2019 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар болоод байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулж, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой дээрх арга хэмжээний эхний үе шатыг 2018 оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Атар-Өргөө”, “Мах Маркет”, ДЦС-4-ийн “Эрчим” зоогийн газар, Сонгинохайрхан дүүргийн 101, 112, 226-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 57, 94-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Номадс” болон “Бродвей” сүлжээ ресторан гэсэн 11 ААН хамрагдаад байгаа юм. Дээрх ААН-үүд өнгөрсөн10 дугаар сард үр дүнгээ танилцуулж, тэдгээрээс хоол, хүнснийхээ давсны хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан байгууллагыг "Дэлхийн хүнсний өдөр"-өөр шагнаж урамшуулсан юм. 

"Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээний хоёр дахь үе шатыг улсын хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг татан оролцуулах замаар иргэдийн давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МХЕГ, Хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулж буй дээрх аяныг 2019 онд үргэлжлүүлэн явуулахаар болсон талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. 

Холбоотой мэдээ