Жүдочид Гуанжоугаас 2 хүрэл медаль хүртээд байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-12-16 01:53:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг жүдочид ур чадвараа сорьдог “Гуанжоу Мастерс 2018 ” тэмцээн эхний өдөр/2018.12.15/ хүч үзсэн манай тамирчид амжилт тааруухан байна.


БНХАУ-ын Гуанжоу хотноо болж буй энэ тэмцээнд жин тус бүрийн чансаа өндөр 16 бөх өрсөлдөж байна. Тухайлбал 53 орны 231 /эрэгтэй 117, эмэгтэй 114/ жүдоч урд хөршид очсон бөгөөд манай найдвар болсон гурван эмэгтэй жүдочид бүгд медальгүй хоцорлоо. Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй гурван жүдоч байгаагаас эхний өдөр дэвжээнд ес нь гарч Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ.


Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо. `Эрэгтэй 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, ОХУ-ын Алберт Огузовыг ялсан ч Гүржийн бөх Амиран Папинашвилид дийлдлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Такабатакег ялж, медалийн тавцанд зогслоо. Энэ жинд барилдсан дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар Узбекистаны Ш.Лутфиллаевт ялагдсан.



Мөн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, Казахстаны Ерлан Серикжановыг ялж, шөвгийн наймд үлдсэн ч Бразилын Даниел Рагнинд дийлдсэн. Д.Алтансүх Словак, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж, медалийн тавцанд зогслоо. Энэ жинд барилдсан Г.Хэрлэн шөвгийн наймд Японы Ж.Марүямад, дагах барилдаанд Гүржийн Марвелашвилид дийлдэн шагналт долдугаар байр эзэллээ.


Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа. 57 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. Тэрбээр Унгарын Хедвиг ялсан ч Канадын Климкэйт, Японы М.Тамаоки нарт дараалан ялагдлаа.


Эхний өдөр Японы баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Косово, Франц, ОХУ, Азербайжан тус бүр нэг аваргатай болов. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, 100, +100, эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг жингийн барилдаан болох бөгөөд эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдах юм.


Холбоотой мэдээ