Захидлын аян зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:12:13

Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас “Сэтгэлийн үг” сэдэвт сугалаат захидлын аяныг Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Хайртай эмээдээ, ээждээ, ханьдаа, эгчдээ, дүүдээ хэлж амжаагүй сэтгэлийн үгээ захидлаар уламжлах боломжийг олгож байгаад уг аяны зорилго оршиж байгаа ажээ.

Энэ удаа нийтдээ 1200 захидлыг хүлээн авч эздэд нь хүргэсэн байна. Захидал илгээгч иргэдээс 17 хүнийг сугалаагаар азтанаар шалгаруулахад Шарга сумын иргэн Ш.Анхчимэг тоос сорогч, Есөнбулаг сумын Д.Оюужин ус шүүгч, Дэлгэр сумын Д.Сайханбилэг цахилгаан жин, Есөнбулаг сумын Д.Оюунчимэг хөлдөөгч, Э.Мөнхсолонго 32 инч LCD телевиз тус тус хожсон байна. Мөн тусгай шагнал буюу тус бүр арван мянган төгрөгөөр хэвлэл захиалах эрхээр 12 хүн тодорчээ. Энэ удаагийн захидлын аяны шагналын сан 1220 000 төгрөг байсан ажээ.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ