"Залуусын хөгжлийн хөтөлбөр"-т 60 гаруй сурагч хамарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-03-09 17:15:45

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 60 сурагч “Оюу толгой” компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдан, гурван сарын хугацаанд манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжийн сургалтад оролцож амжилттай төгслөө.

Хөтөлбөрийн төгсөлтийн ёслол энэ сарын 7-нд болж, сурагчдын заримд нь их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгожээ. “Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Майкл Гавин төгсөлтийн ёслолын үеэр “Залуусын хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан эрдэс баялгаас үнэт зүйлс, эрдэм мэдлэг, ур чадварыг бүтээж залуу үед өвлүүлэн үлдээж байна. Сурагчдад бололцоогоо дайчлан, шинэ зүйл сурч мэдэх үйлсэд нь хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэж онцолсон юм.
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хот дахь улсын 16, хотын захын 20, хувийн болон лицей найман сургуулиас 239 сурагч материалаа ирүүлснээс 60 сурагчийг шалгаруулан хөтөлбөрийн эхний шатны сургалтад хамруулсан байна. Сургалт 2015 оны 10-р сард эхэлж, гурван сар үргэлжилсэн бөгөөд сурагчид энэ хугацаанд манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжийн сургалтад хамрагджээ.  
“Оюу толгой” компани ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөр нь сурагчдыг их сургуульд дэвшин суралцах ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Хөтөлбөрийг AIESEC Mongolia – Залуу удирдагч, соёл солилцооны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд уг нийгэмлэгийн гишүүн оюутан залуус сургалтыг хөтлөн явуулдаг нь залуус залуустаа үлгэр дуурайл болж, сургалтын үр дүнд эерэг нөлөө үзүүлдэг аж.

Н.Туяа

Холбоотой мэдээ