Нийслэлийн эрүүл мэндийн шилдэг байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шалгаруулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2018-12-21 18:22:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төв, тосгоны эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохих журмын дагуу үнэлгээ хийж, шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг өнөөдөр шалгарууллаа.

Тус үйл ажиллагаа нь нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан:

ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” – 6
Нэгдүгээр байр - Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв
Хоёрдугаар байр - Амгалан амаржих газар
Нийслэлийн Түргэн тусламжийн төв
Гуравдугаар байр - Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

“ШИЛДЭГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” – 6
Нэгдүгээр байр – Чингэлтэй дүүргийн “Шижид дүг” өрхийн эрүүл мэндийн төв
Хоёрдугаар байр – Баянзүрх дүүргийн “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төв
Сонгинохайрхан дүүргийн “Эхэн босго” өрхийн эрүүл мэндийн төв
Гуравдугаар байр - Хан-Уул дүүргийн “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүргийн “Эрхэм жаргалан” өрхийн эрүүл мэндийн төв
Багануур дүүргийн “Энх өрх” өрхийн эрүүл мэндийн төв

“ШИЛДЭГ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН”
“Шилдэг эмч” - 19
“Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэн” - 32
“Шилдэг өрх, тосгоны эмч” - 11
“Шилдэг өрх, тосгоны сувилагч” - 13
“Шилдэг үйлчилгээний ажилтан” -14 зэрэг нийт 89 хүнд Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар үнэ бүхий зүйл, өргөмжлөл гардуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн асуудал, ялангуяа иргэдэд хүргэх нийгмийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг тусгасан. Иймээс нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны цогц хөтөлбөрийг боловсруулж, энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барих, түргэн тусламж болон эмнэлгийн зориулалттай автомашины паркийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын асуудлыг үе шаттай шийдвэрлэн ажиллаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ