Үзүүлж буй хүүхдийн 30 хувь нь хэвтэн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-24 16:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт 175 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа 1 хүртэлх насны хүүхдүүд их хэвтэж байна. Ачааллын үед Нэгдсэн эмнэлэг дотоод зохион байгуулалтын ажлыг хийж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
1.  Мэдрэлийн тасгаа бүрэн чөлөөлснөөс гадна сургалтын өрөө, тоглоомын өрөөг суллан нэмэлт ор тавин тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
2. Хүлээн авахаар үзүүлэхээр ирж байгаа хүлээгдлийг бууруулахын тулд хүлээн авах дээр 3 ээлжээр тус бүр 3 эмч ажиллуулж байна. Мөн 2 газар хүүхэд хүлээн авч эрэмбэлэн ангилалтыг хийж байна.
3. Өрхийн ЭМТ-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа нь ачааллыг хуваалцаж байгаа хэдий ч ажил тарснаас хойш, амралтын өдрүүдэд хүүхдүүд их ирж байна.

Өглөөний байдлаар 7 хүүхэд эмнэлгээс гарч, 14 хүүхэд шинээр хэвтсэн тул коридорт эвхдэг ор тавин ор чөлөөлөгдтөл хүүхдүүдийг хүлээж авч байна.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 165 орон дээр 280 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн долоо хоногт 250-иас буугаагүй байна. 30 ортой хүүхдийн 3-р тасгийг нээж ажиллуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл нийт ирж үзүүлж байгаа хүүхдийн 30 хувь нь хэвтэж, 70 хувьд зөвлөгөө өгч буцааж байна. Нийт ирж байгаа хүүхдийн 90 орчим хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Оношийн хувьд 30 хувь нь хатгалгаа, 60-70 хувь нь ларингит, бронхоспазм, бронхит оношоор эмчлүүлж байна. 

Хүлээн авахын ачаалал маш их байна. Хүлээн авах дээр эмч, сувилагч нэмэлтээр ажиллуулж байна. Тэтгэвэрт гарсан болон резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байгаа. Эм тарианы нөөц, тоног төхөөрөмж хангалттай байгаа талаар удирдлагууд ярьж байв.
Хүүхдийг өдөр бүр үзэж эмнэлгээс гаргаж байгаа хэдий ч хэвтэлт их байгаагаас ялангуяа амралтын өдрүүдэд хүүхдийг коридорт эвхдэг орон дээр авч байгаа аж.

Холбоотой мэдээ