Ц.Даваасүрэн: Тавантолгойн цахилгаан станцын дэд бүтцийн асуудлыг эхний улиралд багтаан дуусгана

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-02 17:59:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн үйлдвэрлэлийн эрчим хүч, цахилгааныг 2023 оноос эхлэн 100 хувь дотоодоосоо хангадаг болно.

Ингэснээр 2009 оны Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний нэг заалт хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г саяхан оны босгон дээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ийн зүгээс үзэглээд байгаа.

“Оюутолгой” ХХК өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт эрчим хүчний 20 хувьтай тэнцэх хэмжээний цахилгааныг БНХАУ-аас импортлон авч байгаа юм. Тэгвэл Тавантолгойн цахилгаан станц ашиглалтанд орсноор дотоодоосоо эрчим хүчээр хангаж импортын 170 орчим сая ам.доллар эх орондоо үлдэх боломжтой. Цахилгаан станц барих ажил 2020 он гэхэд эхлээд 2023 онд дуусахаар гэрээнд заагаад байна.

Цахилгаан станцын ажил эхлэхээс өмнө станцыг барих байгаль орчин, усны үнэлгээ, хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг томоохон бэлтгэл ажлыг хийх юм. Шинэ цахилгаан станц нь манай улсад сүүлийн 30 жилд барьж байгуулж байгаагүй цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр байх учраас энэ нь Монгол Улсын хувьд түүхэн бүтээн байгулалтын ажил болно гэж хоёр тал онцолж байна. Шинэ цахилгаан станцын бүтээн байгуулалтын энэ онд хийх зарим ажлын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулсан юм.

-Станцын ажлыг яагаад 2020 онд эхэлж 2023 онд дуусна гэсний гол шалтгаан юунд байна вэ?

-Бүтээн байгуулалтын бэлтгэл ажил энэ оноос эхэлж байгаа. Юуны өмнө байгаль орчны үнэлгээ, усны судалгааг дахиж нягтлах шаардлага байгаа юм. Яагаад гэвэл энэ нь Оюутолгой дээр байршилтай Тавантолгойн орд дээр байгуулж хийх ажил. Харин 2 жилийн хугацаа орохоор байсныг ажлын явцад нэг жил болгож хугацааг харьцангуй наашлуулсан байгаа. Энэ тал дээр бидний гэрээн дээр тохирсон нэг зүйл бол хувь нийлүүлэгчдийн өгөөж төлөөлөлд ямар нэг дарамт нэмэлт хүндрэл авчрахгүйгээр шийдэх тохиролцоонд хүрсэн.

-Энэ онд ямар ажлыг хийх вэ? Цахилгаан станцыг барих хөрөнгийг босгох зарчмыг хоёр тал 3-р сарын 1-ний өдөр гэхэд хамтарч шийдсэн байх талаар мэдээлсэн?

-Хөрөнгө оруулагч нар санхүүжилтийн асуудлаа буюу санхүүжилтийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлэхээ өөрсдөө шийдэх юм. Энэ бол жичдээ асуудал. Харин энэ хооронд бүтээн байгуулалтын талаар юу хийх вэ гэхээр 2019 оноос эхлээд “Оюутолгой” ХХК дотоодоосоо эрчим хүч авч нийлүүлж байя гэсэн шийдэлд хүрсэн. Ийм боломж байгаа. Бид дэд бүтцийн бүтээн босголтын асуудлыг нэгдүгээр улиралдаа багтаагаад дуусгана. Ирэх 4-р сарын сүүл гэхэд Оюутолгойд эрчим хүчээ тодорхой хэмжээгээр нийлүүлж өгнө гэж төлөвлөсөн байгаа.

-Цахилгаан станцыг Тавантолгойн орд дээр барьж байгаагийн онцлог юу вэ? Гарах цахилгааны өртөг хэд байх вэ?

-Тавантолгойн цахилгаан станцын үнийг Үнийн зохицуулах хороо хянаж батална. Өнөөдрийн дотоодын эрчим хүчний үнэ нэг квт нь 174 төгрөг байгаа. Станцыг Тавантолгойн орд дээр барьж байгаа нь манай төрийн хувьд цахилгаан станцуудыг уурхайн аман дээр барих бодлого барьж байгаатай холбоотой юм. Нүүрсийг воганаар зөөж тээвэрлэж авчрахаас цахилгаан дамжлагаар дамжуулах нь хамаагүй хямд тусна гэв.

Тодруулга: “Оюутолгой” ХХК өнөөдрийн байдлаар БНХАУ-аас нэг квт цахилгааныг 270 орчим төгрөгөөр авч байгаа юм. Тэгвэл дотооддоо цахилгаан станц барьснаар дээрх өртөг 100 төгрөгөөр буурах боломжтой гэж талууд үзэж байна.

Б.Болд

 

Холбоотой мэдээ