Модон барилгын угсармал хийцийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-02 19:01:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний өдрөөс мөрдөж эхэлж буй хуулийн нэг нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль юм.

Уг хуулиар импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлж байна. Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаанд мөрдөх бөгөөд Гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.


Үүнээс гадна ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг НӨАТ-аас мөн 5 жилийн хугацаанд чөлөөлөх тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан юм. 

Б.Болд

 

Холбоотой мэдээ