Дорнодын театрын тайзнаа “Лир ван” амилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-03 13:33:34

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ-ын уран бүтээлчид “Лир ван” жүжгийг тайзнаа амилуулна. Энэ сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Уильям Шекспирийн алдарт бүтээлүүдийн нэг гэгддэг энэхүү сонгодог жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Эл бүтээлийн ерөнхий продюссерээр тус театрын захирал, соёлын тэргүүний ажилтан Л.Наранхүү, ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж ажиллаж байна.

Олон жил хаан ширээнд сууж, жаргалын дээдийг эдэлсэн Лир ван нас ахиснаа ухаарч, улс гүрэн, газар нутгаа үр хүүхдүүддээ хуваан өгч, амар амгалан байхыг хүссэн ч хар санаатны хорт явуулга, тэдний өрсөлдөөн тэмцэлд өртөж байгаа тухай өгүүлдэг. Манай улсад “Лир ван” жүжгийг хамгийн анх 1964 онд тайзнаа тавьж байсан түүхтэй.

Дашрамд сонирхуулахад, Дорнод аймгийн Алтангадас одонт хөгжимт драмын театрын уран бүтээлчид өнгөрсөн оны “Гэгээн Муза” наадмаас “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ шилдгийн шилдэг Гран-при шагнал хүртсэн. Мөн эл бүтээл тус наадмын шилдэг жүжгийн зохиолч, найруулагч, тайзны зураач, хөгжмийн зохиолч, эмэгтэй гол дүр, эрэгтэй туслах дүр төрөлд тэргүүлсэн юм. Мөн тус театрын “Манлайбаатар” жүжиг шилдэг хөгжмийн зохиолч төрөлд шилдгээр шалгарсан билээ. 


Холбоотой мэдээ