Орхон аймгийн Хүүхдийн эмнэлэг хоёр дахин ачаалалтай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-09 17:25:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Ханиад томуугийн дэгдэлт их байгаагаас шалтгаалж Орхон аймгийн Хүүхдийн эмнэлэг хоёр дахин ачаалалтай ажиллаж, нэмэлт ор тавьжээ. Нийт 50 ортой тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар /01.09/ 130 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн газар хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 6.6 хувь буюу 9100 гаруй  хүн томуу, томуу төст өвчний улмаас ханджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар буурсан ч 10 мянган хүн амд 34.4 тохиолдол бүртгэгдэж байгаа нь улирлын босго үзүүлэлтээс давсан гэж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэллээ.

 Харин Орхон аймагт тархвар судлалын нэг дэх долоо хоногт эмнэлэгт хандсан 6156 хүний 340 нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Мөн А хүрээний дэд хэв шинжийн А/H1N1/, PDM09, А/H3N2/ виурс болон томуу, томуу төст өвчин үүсгэгч  риновирус, боковирус, короновирус, энтеровирус, амьсгалын замын синцитиаль вирусээр үүсгэгдсэн халдварын тархалт их байгааг мөн хэлээ. Иймд Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-16.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ