Баян-Өлгий аймгийн гадаад худалдааны бараа эргэлт 60 орчим хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн онд 54,3 сая ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 54,9 хувь буюу 19,2 сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Үүнээс 50,8 сая долларыг импорт, 3,5 сая долларыг экспортын бүтээгдэхүүн эзэлжээ. Импортоор орсон нийт бүтээгдэхүүний 48,7 хувь нь автомашины бензин, дизель түлш, 41,5 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, үлдсэн 9,8 хувь нь бусад бараа бүтээгдэхүүн байна. Импортын нийт бүтээгдэхүүний 93 хувийг Оросын Холбооны Улс дангаараа эзэлж байгаа бол Казахстан Улсад зургаа, Беларусь, Их Британи, Киргизстан, Швед, Нидерланд, Узбекистан зэрэг улсуудад нэг хувь нь ногджээ. Тухайн онд импортоор орсон дизель түлшийг 2017 онтой харьцуулахад 13630 тонноор илүү, бензин 522 тонноор бага байна. Дизель түлшний хэмжээ нэмэгдэхэд тус аймагт Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын барилгын ажил явагдаж байгаа нь нөлөөлжээ.
Харин экспортын барааны хувьд адуу, хонины мах болон ноос, ноосон бүтээгдэхүүн эзэлж байгаагаас эдгээр бүтээгдэхүүнүүдийн 29 хувийг Оросын Холбооны Улс, 55 хувийг Казахстан Улсад, найман хувийг Иран Улсад, таван хувийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад, гурван хувийг бусад улс орнуудад нийлүүлжээ.
Гадаад худалдааны бараа эргэлт улсын төсөвт орох татварын орлогыг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар өнгөрсөн онд улсын төсөвт 13,3 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэйгөөс 19,2 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 144,4 хувиар давуулан биелүүлсэн ажээ.