Нигүүлсэнгүй үйлст манлай малчин Д.Баярсайхан Улсын хошой аваргын болзол хангалаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-01-10 11:41:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн малчин Дамдины Баярсайхан Монгол Улсын хошой аварга малчны болзлыг хангалаа. Тэрээр 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн 5000 гаруй мал тоолуулжээ. Малаа өөрөө маллахаас гадна сумынхаа арван өрхийг туслах малчнаар ажиллуулдаг. Малчиддаа төллөх малынхаа болон сувай малын 20 хувийг тогтмол өгдөг байна. Мөн жил бүр малчдаа идэш хоолоор хангаж, цалинжуулахаас гадна нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг аж.

Д.Баярсайхан нь нийт мал сүргийнхээ тоогоор болон 3,6 мянган толгой хонь тоолуулсан амжилтаараа аймагтаа тэргүүлсэн байна. Түүний хувьд 2006 онд сумын сайн малчин, 2007 онд мянгат малчин, 2011 онд аймгийн  аварга малчин, 2014 онд улсын аварга малчин болж, дөрвөн жилийн хугацаанд улсын аварга малчны болзлоо бататган ийнхүү хошой болж байна.

Аймаг, Улсын аварга малчдыг тодруулдаг шалгуур үзүүлэлтийн нэг нь хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр байдаг. Тэгвэл Д.Баярсайхан нь МУЗН-ийн Нигүүлсэнгүй үйлст хошой манлай малчны болзлыг өнгөрсөн онд биелүүлжээ. Ингэснээр аймагтаа анхны, улсын хэмжээнд байдаг цөөхөн Нигүүлсэнгүй үйлст хошой манлай малчны нэг болсон юм.

Мөн энэ жил тус аймгийн Онгон сумын гуравдугаар багийн малчин Ё.Төгсмандах, Дарьганга сумын нэгдүгээр багийн малчин Г.Доржцэрэн, Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн малчин Ш.Өвгөнхүү, Асгат сумын дөрөвдүгээр багийн малчин Б.Эрдэнэбат, Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн малчин С.Сарангэрэл, Наран сумын нэгдүгээр багийн малчин Д.Эрдэнэсамбуу нарын зургаан малчин шинээр Улсын аварга малчны болзлыг хангаад байгаа билээ.

Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг аж. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгох тухай Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн юм.

Холбоотой мэдээ