Ш.Абэ: Олон улсын тулгамдсан асуудлуудад Нидерландтай хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-10 19:02:23
Yesukheitumur Tumurbaatar

РОТТЕРДАМ. /NHK/. Олон улсын тулгамдсан асуудлуудыг зохицуулахад Нидерландтай хамтран ажиллахаар тохиролцсон гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.


Тэрбээр лхагва гарагт Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттетэй уулзсан байна.


“Нидерланд нь Японы хувьд стратегийн чухал түнш. Мөн эрх чөлөө, ардчилал, хууль дүрэм зэрэг нийтлэг үнэ цэнийг харилцан дээдэлдэг орнууд юм” гэж тэрбээр уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарт хоёр улсын харилцаа сайн байдгийг сайшаан магтсан байна.


Мөн тэрбээр, ирэх зургадугаар сард Японд болох “Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх олон улсын тулгамдсан асуудлуудад хоёр орон хамтран ажиллахаар тохиролцсон гэж мэдэгджээ.


Үүнээс гадна БНАСАУ-ын асуудлыг зохицуулж, тус улсыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл хэрэгт хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаар болсон тухайгаа Японы Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ.


Эцэст нь хоёр улсын Засгийн тэргүүн нар БНАСАУ-тай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Холбоотой мэдээ