УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахмадын баярт хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-17 13:30:47

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны ахмад настны төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд Ахмадын баярын мэндийг дэвшүүлээд тойргийнхоо ахмадуудтай баярынх нь өмнө уулзаж тэдний санал хүсэлтийг хүлээн авч сонсоход таатай байгаагаа илэрхийлэв. Л.Эрдэнэчимэг гишүүн жил бүр Олон улсын ахмадын өдөр болон Цагаан сараар тойргийнхоо ахмадуудыг хүлээн авдаг уламжлал тогтоожээ. Энэ удаа тэдгээр төлөөллийг хүлээн авахын зэрэгцээ хороо тус бүрт 500 мянган төгрөг буюу нийт дүүргийн хэмжээнд 16 сая төгрөгийн хандив өгч аж.

Ахмад настнууд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрт нь, ялангуяа гэр хорооллынхны ахуй амьдралд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж дэмжихийг хүслээ. Тухайлбал, тус дүүргийн хэд хэдэн хороонд сургууль, цэцэрлэг огт байхгүй, зам харгуйгүйгүйгээс эмнэлгийн тусламж яаралтай авах боломжгүй, алслагдсан зарим чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэггүй, зарим хороо өнөө хэр нь цахилгаан, эрчим хүчгүй байгааг дуулгалаа.

Мөн зарим ахмадууд улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед төр засаг солигдож буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлээд тухайн салбартаа мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хүнийг сайдаар томилдог заалтыг хуульчилж өгөх хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд тэтгэвэр тэтгэмж, цэцэрлэг сургуулийн барилга зэрэг зарим асуудлыг төсөвт тусгуулахад анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд