Сэлэнгэ аймгийн хараа бүсээс 25 жилийн дараа улсын аварга хамт олон төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-11 10:47:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн улсын аваргууд тодруулахад Сэлэнгэ аймгаас “Улсын аварга малчин”-аар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Х.Батсүх, Хүдэр сумын Тарвагатай багийн малчин Н.Цогнэмэх, Ерөө сумын хоёрдугаар багийн малчин С.Түмэн-Өлзий, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Мо Мо Агро" ХХК-иуд, “Улсын аварга тариаланч”-аар Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Анхтөр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Д.Алтанхуяг нар тодорчээ.  

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор тодорсон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК-ийн хамт олон “хараа” бүсийнхээ түүхэнд 25 жилийн дараа энэхүү нэр хүндтэй шагналыг авчирсан нь онцлогтой байлаа. Тус хамт олон ээлжлэн тариалах системийг хэрэглэж, сэлгээндэх таримлын нэр төрлийг нэмэгдүүлж жил бүр сэлгээнд 50-100 га-д рапс, хөх арвай, эрдэнэ шиш, овьёос тариалж байгаа аж. Мөн 20-40 га-д тэжээлийн ургамал тариалж, орон нутгийн малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг байна. Түүнчлэн тухайн жилд тариалж байгаа нийт талбайн 20-40 хувьд дотооддоо үйлдвэрлэсэн нийлмэл бордоо болон шингэн бордоог ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж. Тус компани эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оныхоо тариалалтын үрийг 90 тн үрээр нөөцөлж чаджээ. Компанийн зүгээс техникийн парк бүрдүүлэлтийг тогтмол хугацаанд явуулж 2015-2016 онд омечка дөрвөн ширхэг, степняк 4.3 маркын хоёр сийрүүлэгч, 2018 онд нива эффект нэг ширхэг, W-80 jondeer комбайн худалдан авсан байна. Мөн компани 6-8 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, хавартаа 10-20, намартаа 20-30 түр ажлын байрыг гарган ажиллаж байгаа аж. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хоёр ажилтандаа байшин барих материал, гурван ажилтандаа туслах аж ахуйгаа хөгжүүлэхэд нь нэмэр болж 1-2 мэгж, 10-15 өндөглөгч тахиа өгч, бас хоёр ажилтандаа ахуйн хэрэглээнд нь зориулан тус бүр автомашин, мөн хоёр ажилтандаа ажлын бүтээмжийг нь үнэлэн 13-15 га-ийн ургацтай тэнцэх мөнгөн урамшуулал олгожээ. Ингэж ажиллаж ирсэн учраас тогтмол ажлын байраа хадгалж, ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, экологийн эрүүл хүнсээр хүн ардаа хангах үүргээ үнэнчээр биелүүлж иржээ. Мөн тус компани татварт 8.5 сая төгрөгийг өнгөрсөн онд татварт төлсөн байна. 23 жилийн түүхтэй тус компани нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 300 сая төгрөгийн эргэлтийн талбайтай бөгөөд хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед өөрийн газар зүйн онцлогтоо тохируулан, тариалалтын горимоо мөрдөж, технологио зөв барьж ажиллаж чадсанаар жил бүр ургац алдалгүй жигд ажиллаж иржээ. Мэргэжлийн агрономич Л.Алимаа захиралтай "Түмэн бут" ХХК-ийн хамт олон эл амжилтаараа ийн Улсын аварга хамт олон болжээ.

34.6 сая төгрөгийн татвар төлжээ

831 га-д үр тариа тариалж, 2956 тн ургац хураан авч, га-гаас 35.3 цн улаан буудай хураан авсан амжилтаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мо Мо-Агро компанийн хамт олон Улсын аварга тариалан хамт олон боллоо.

Мо Мо-Агро компанийн хамт олон нийт 1536 га талбайд хөрсний үржил шимийг хамгаалах, дээшлүүлэх зорилгоор цомхотгосон технологийг бүрэн нэвтрүүлсэн байна. Мөн 2018 онд АНУ-ын хийн даралтат олон үйлдэлт үрлэгчээр тариалалт хийж, 424 га-д уринш боловсруулжээ. Ургац хураалтад сүрэл хэрчигчтэй комбайн ашиглаж,талбайдаа сүрлэн хучлага үүсгэсэн байна. Тариалалтын хугацаанд 750 га талбайд 1.9 тн гуматын бордоо, гуурсанд нийлмэл бордоог нэг га-д 80-100 кг нормоор үртэй хамт бордон тариалсан аж. Тус хамт олон эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оны тариалалтад 180 тонн үр нөөцөлж авчээ. Мо Мо-Агро ХХК парк шинэчлэлт хийж 2014 онд 350 морины хүчтэй магнум трактор, олон үйлдэлтэй хийн даралтат Канад үрлэгч, нью холлоанд хоёр комбайн авсан гэнэ. 2016 онд өөрөө явагч ангилан хадалтын жатка, хор цацагч авч, 500 тн үрийн агуулах барьжээ. Мөн 2018 онд үр цэвэрлэгээний суурин агергат худалдан авсан байна. Тус компанийн зүгээс 2015 онд ажилчдын байр, гал тогооны байр барьж ажилчдынхаа ажиллах нөхцөл, орчинг тохижуулсан байна. Мөн компанийн ажилчдын НДШ, ЭМД-ийг бүрэн төлж, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж, жил бүр ажилчдаа амралт сувилалд 10 хоног тогтмол амрааж хэвшжээ. Тус компани татварт 34.6 сая төгрөг төлсөн амжилтаар эрхэм цолны эзэд болжээ.

Орон нутгийнхаа зургаан иргэнд 172 мал өгч малжуулсан амжилтаа үнэлүүллээ

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Х.Батсүх тасралтгүй 43 жил мал маллаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулж яваа нэгэн ажээ. Тэрээр төр засгаас гаргасан бодлого шийдвэрийг ажилдаа хэрэгжүүлэн ажиллахаас гадна залуу үеийнхэнийг халамжлан хүмүүжүүлэх их үйлсэд өөрийн арга туршлага, мэдлэг чадвар, бодол санаагаа харамгүй зориулж яваа ахмад малчин юм. Мөн тэрээр мал маллахын зэрэгцээ нийгмийн үүргээ ухамсарлаж суманд болж буй үйл ажиллагааг ивээн тэтгэхээс гадна хүүхдийн сурч хөгжих, амьдрах, орчин нөхцөлийг сайжруулахад өөрийн санаачилга гарган ажиллажээ. Сүүлийн гурван жилд тус сумын малчин З.Сэргэлэн, туслах малчин Л.Дэмбэрэлсамбуу, Л.Азжаргал, Г.Гантулга нарыг нийт 172 малаар малжуулж, МУЗН-ийн ивээн тэтгэгч онцгой гишүүн болсон байна. Аварга малчин малын тоо толгойг өсгөхөөс гадна чанар ашиг шимийг сайжируулах зорилт тавин ажиллаж сүүлийн жилүүдэд мал сүргээ сайн үүлдрийн болон нутгийн шилдэг омгийн малаар сайжруулж, үхэр сүргээ сэлэнгэ үүлдрээр, хонин сүргээ үзэмчин, баяд үүлдрээр, ямаан сүргээ өлгийн улаан үүлдрээр тус тус сайжруулжээ. Мөн жилд 1005-1221 толгой малыг өсгөн үржүүлж, онд мэнд тарган тавтай оруулан сүүлийн гурван жилд 2003 төл бойжуулж, зах зээлд 1110 толгой мал, үржлийн зориулалтаар 494 толгой малыг худалдан борлуулсан байна. Түүнчлэн сум орон нутгийнхаа зургаан иргэнд 172 мал өгч малжуулан, 4.8 тн хонины ноос, 121 кг ноолуур, 38.5 тн мах, 81.6  мянган литр сүү зэрэг 284.8 сая төгрөгийн МАА-н гаралтай, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, үндэсний үйлдвэр, хүн амын  хэрэгцээг хангахад багагүй хувь нэмрээ оруулсан зэрэг амжилтуудаараа бусад малчдаа манлайлж ийнхүү Улсын аварга малчин болжээ.

Газар тариалангийн үйлдвэрлэлд тасралтгүй зориулсан 39 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ  

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Д.Алтанхуяг сүүлийн гурван жилд эзэмшиж байгаа техникүүдийнхээ нормыг тогтмол 119.8-181.9 хувиар давуулан биелүүлж, үндсэндээ гурван жилд техникийн нормоор тооцоход комбайнаар 4.8 жилийн, трактораар 4.5 жилийн ажлыг гүйцэтгэж, 44610 цн ургац хураасан өндөр амжилтаараа улсын аварга механикжуулагч боллоо.

Мөн тэрээр улс орон даяар гантай байсан 2015 оны хүнд жилд компани  га-гаас 10.2 цн буюу 2200 тн ургац хурааж байхад дөрвөн комбайнчнаас тэргүүлж байсан байна. Д.Алтанхуяг 2018 онд Канад улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үед Монгол Улсын газар тариаланд нэвтрээд байгаа өндөр хүчин чадал бүхий НьюХолланд ТС-5-90 маркийн комбайнаараа 694 жишмэл га-гийн ажил гүйцэтгэж, техникийн нормоо 138.8 хувиар биелүүлжээ. Мөн 15092 цн ургац хурааж, хаврын тариалалтанд үр, бордоо тээвэрлэж 531 тн/км-ийн ажил, ҮТО-1804 тракторт угсарсан Омичка СКП-2.1 үрлэгчээр 488 га-д үрэлгээ хийж, тарихын өмнөх болон зуны уриншийн боловсруулалт, хор цацалт, тарималын хор цацалтанд 2077 га-гийн хор цацалт хийх зэрэг газар тариалангийн үйлдвэрлэлийн үе шатны ажлуудад идэвхтэй оролцсон байна. Ингэж тариалалтын ажилд оролцохоос гадна компаний бригадын орчныг тохижуулах, хайрга, мод зөөх, хашаа хороо барих, хадлан тэжээл бэлтгэх, МАА-н өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.  Д.Алтанхуяг 1979 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон САА-д тракторч-комбайнчнаар ажлын гараагаа эхэлж, 1994 оноос “Товхонхан” ХХК-д тракторч-комбайнчнаар ажилласнаас хойш газар тариалангийн үйлдвэрлэлд мэргэжлээрээ тасралтгүй 39 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажээ. Тэрээр технологит ажлуудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн зэрэгцээ техникийн нормыг давуулан биелүүлэх, хамт олныг манлайлах үйлсэд бусдыгаа ямагт хошуучлан явдаг хөдөлмөрч нэгэн аж. Алтанхуягийн жил бүрийн техникийн норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлдэг амжилт нь техникийнхээ тосолгоо,үйлчилгээг цаг хугацаанд нь хийж, техникийн эвдрэл сааталгүйгээр үйлдвэрлэлийн үе шатны ажлуудыг агротехнологийн зохистой хугацаанд нь хийхийн төлөө биеэ дайчлан зүтгэж явдагтай  холбоотой  хэмээн хамт олон нь дүгнэжээ. Мөн тэрээр эдийн засгийн болон цаг хугацааны хэмнэлт гаргах үүднээс агротехнологийн зохистой хугацаанд нэг удаагийн явалтаар давхар ажил гүйцэтгэснээр сэлбэг, ШТМ, хүн хүчний ихээхэн хэмнэлт гарган ажиллаж чаджээ. Түүний бас нэгэн гайхалтай чадвар нь элэгдэж хуучирч, эдэлгээний нь хугацаа дууссан ДТ-75 трактор, СК-5 комбайныг эзэмшиж, тэднийг эвдрэл сааталгүй ажиллуулахад мэргэжлийн өндөр ур чадвар, олон жилийн баялаг туршлагаа харуулан жил бүрийн техникийн норм төлөвлөгөөгөө ихээхэн хувиар тогтмол давуулан биелүүлж, бусдыгаа хошуучилж ирсэн явдал гэлээ. Тухайлбал 2007 онд хаврын тариалалт, уринш боловсруулалтанд идэвхитэй явж, ДТ-75 трактораар 728 жишмэл га-гийн ажил гүйцэтгэн техникийн нормыг 145.6 хувиар биелүүлсэн бол СК-5 комбайнаар 508 жишмэл га-гийн ажил гүйцэтгэж, 6145 цн ургац хураан техникийн нормыг 149.7 хувиар биелүүлсэн амжилтаар хамт олноо хошуучилжээ. Компанийн сүүлийн жилүүдэд цаг уурын ямарч нөхцөлд арвин ургац авахын үндсэн баталгаа болсон уринш бэлтгэх ажлын чанарт онцгой ач холбогдол өгч хичээл зүтгэл гарган ажиллаж, хор цацаж боловсруулсан талбайн элдэншилт нь агротехнологийн горимын шаардлагыг хангаж чадахуйц болж тэр үндсэн чанараараа компаний жил жилийн ургацын тоо хэмжээ өсөхөд сайнаар нөлөөлж чаджээ.

 Түмэнд хүргэсэн тус, цаг агаарын хүндрэлтэй үеийг эрсдэлгүй давж чаддаг, малынхаа тараг хүчийг сайн авахуулдаг арга туршлагаараа шалгарчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн малчин С.Түмэн-Өлзий хүүхэд байх цагаасаа эцэг эх, ахмад буурлуудаасаа мал маллах арга ухааныг өвлөн суралцаж, амьдралаас олж авсан мэдлэг, чадвараа мал аж ахуйн үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэн тасралтгүй 33 жил малчинаар ажиллаж байгаа ажээ. Түүний малласан мал нь тараг тэвээрэгээ алддаггүй, жилийн дөрвөн улиралд өнгө зүс сайтай, цаг агаарын хүндрэлтэй үеийг эрсдэлгүй давж чаддаг онцлогтойгоос гадна  өөрийн мал маллах арга туршлагаасаа залуу малчдад төдийгүй төрөл төрөгсөд, хот хорооныхоо малчдад харамгүй хэлж зааж сургадаг байна. Мөн мал маллахын зэрэгцээ бусдад өөрийн сэтгэлийн болон эд материалын тусламж дэмжлэгийг сэтгэлээсээ өгч, сум орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дагаж мөрдөх, дэмжин ажиллах, татвар болон бусад төлбөр хураамжийг цаг тухай бүрд нь төлж нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар сайн биелүүлж яваа иргэн юм. Тухайлбал 2014 онд өөрийн дүү С.Доржпаламд мал маллах арга туршлагаасаа зааж сурган 28 хонь, 35 ямаа, хоёр үхэр, нэг адуу нийт 66 малыг таслан өгч малжуулсанаар түүний мал өнөөдөр 201 толгойд хүрч өсөн амьдрал ахуй нь сайжран эхнэрийн хамт ажлын байртай болж өрхийн орлогоо бүрдүүлж чаджээ. Мөн хамаатан Д.Гончигцэрэнг 2011-2013 онуудад туслах малчнаар авч ажиллуулан бод, бог нийлсэн 72 толгой малыг өгч малжуулсан төдийгүй зорилтот бүлгийн 15 өрхөд хүнсний зориулалтаар 15 хонийг, төр төсвийн байгууллагын хүнсний хэрэгцээнд 9 хонь, 225 кг мах нийлүүлсэн ажээ. Үүний зэрэгцээ атрын 50 жилийн ойн баярын арга хэмжээ, МЭҮАлбаны 90 жилийн ойн арга хэмжээнүүдэд малаараа хандив өгчээ. 2015 онд Буурагчин 2-р багийн иргэн Б.Баярааг туслах малчнаар авч, 150 толгой малаар малжуулсан, 2016 онд малчин Д.Гончигцэрэнтэй айл саахалтаар бууж малжуулахын зэрэгцээ мал маллах арга туршлагаасаа зааж сургах гээд түүний түмэнд хүргэсэн тус ихээхэн юм. Малчин С.Түмэн-Өлзий нь мал сүргээ тарга хүч сайтай маллаж, тарилга туулгалт, вакцинжуулалтанд цаг хугацаанд бүрэн хамруулж онд мэнд оруулан, төл малаа хорогдолгүйгээр сайн бойжуулан өсгөснөөр 2016-2018 оныг хүртэл малынхаа тоо толгойг 1047 толгойд хүргэжээ. Мөн тэрээр малын тоонд бус үүлдэр угсаа, эрчимжсэн байдал, түүнээс хүртэх үр ашгийг нь тооцоолж нийт мал сүргийнхээ 76 хувийг баяд үүлдрийн хонь, 19.4 хувийг өлгийн улаан үүлдрийн ямаан сүргээр өсгөн үржүүлж тоо толгойг нь мянгад хүргэж, цөм сүрэгт эзлэх ямааны тоо толгойг цөөрүүлж 19,4 хувьд хүргэсэн байна. Тэрээр мал аж ахуйгаасаа жилд 1.5 тн мах, нэг тн ноос, 117 кг ноолуурыг бэлтгэн зах зээлд борлуулж 19.8 сая төгрөгийн орлогыг олж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

Мөн өөрийн хүч, машин техникийн нөөц бололцоогоо ашиглан малын өвс тэжээлээ хангалттай сайн бэлтгэдгээс гадна мал сүргээ өвсний сөлтэй газраар 11 сар хүртэл оторлон бэлчээж, цаг хугацаанд нь хужирлан тараг хүчийг нь сайн авахуулдаг арга туршлагаараа шалгарч улсын аварга малчин хэмээх эрхэм цолны эзэн болжээ.  

 

Холбоотой мэдээ