ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бичил төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-13 16:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсаас гадаад зах зээлд гаргах ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар 2019-2021 онд туршилтын бичил төсөл хэрэгжүүлнэ. Герман улсын Азийн бүс нутгийг хариуцсан эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төслийн дарга Магнус С.М.Брод болон төслийн үнэлгээний хорооны дарга Ренате Муеллер нарын төлөөлөгчид ХХААХҮЯ-ны холбогдох дарга нартай уулзах үеэр ийнхүү санал нэгдсэн байна.

Герман улсын Азийн бүс нутгийн дэд санаачилгын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл нь НҮБ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн ХАА-н салбар зөвлөлийн гишүүн орнуудад зохих чиглэлийн дагуу сэдэвчилсэн сургалт, семинар зохион байгуулах зэргээр дэмжиж ажилладаг аж. Тус төслийн баг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ирэх онуудад хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох үеэр ХХААХҮЯ-ны зүгээс ЖДҮ-үүдийг экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, зорилтот зах зээлд бүтээгдэхүүн борлуулах, худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан тээвэрлэлт, ложистикийг шуурхай зохицуулах тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтад ХХААҮЯ-ны ЖДҮ, Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан болон Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нар оролцов. 

Холбоотой мэдээ