"Алтайн нүүдэлчдийн өвлийн баяр" зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн болон Алтай сумын Засаг даргын
Тамгын газар, аймгийн Аялал, жуулчлалын холбоо, “Grand Altai Travel” хамтран
Өлгий сумын Бөхөн уул хэмээх газарт "Алтайн нүүдэлчдийн өвлийн баяр"-ыг ирэх
сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Тус арга хэмжээ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, казах түмний үндэсний
өв уламжлал, соёлыг сурталчлах зорилготой бөгөөд Байгаль орчин, аялал
жуулчлалын яам, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын компаниуд дэмжин ажиллаж байна.
Арга хэмжээний үеэр бүргэдийн баяр, нүүдэлчин ахуйн соёлыг харуулсан баярын жагсаал, тулам
булаалдах /көкпар/, мөнгө шүүрэх /тенге илу/ зэрэг үндэсний спорт тэмцээнүүд,
жороо морь болон тэмээн уралдаан, үндэсний бөхийн барилдаан болох аж.
Одоогийн байдлаар "Алтайн нүүдэлчдийн өвлийн баяр"-т гадаадын 30 гаруй
жуулчин оролцохоо мэдэгдсэн бөгөөд зохион байгуулагчид цаашид жил бүр уламжлал
болгон явуулахаа илэрхийлээд байна.