Гацаанаас гарц руу

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-01-14 15:45:33

УИХ-ын даргыг огцрох өргөдөл өөрөө гаргахыг шаардан УИХ-ын гишүүд чуулганыг бойкотлон гацаасан боловч өнгөрсөн долоо хоногт энэ байдал арилав. Гацаанаас гарах анхны алхамыг Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч Х. Баттулга хуулийн гарц хайж УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл дээр зургаад дахь заалтыг бий болгох хэрэгтэй гэж үзжээ. Ийм учраас УИХ-ын тухай хуульд “ УИХ-ын даргыг гишүүдийн ердийн олонх (39) ба түүнээс дээш тооны гишүүд чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавивал нэн яаралтай журмаар хэлэлцэх” заалт нэмэх хуулийн төслийг өргөн барьсан юм. Мөн хуулийн  төсөлд “хууль батлагдсан өдрөөс мөрдөгднө” гэсэн хоёр дахь заалт   оруулсан байна. Энэ төслийг дагаад УИХ-ын дэгийн тухай хуульд бас өөрчлөлт орно. Эрх зүйн орчныг өөрчлөх хуулийн төслийг өргөн барьсантай зэрэгцээд УИХ-ын гацаа арилж байгаа нь энэ.


Чуулган хуулийн төслийг хэлэлцэнэ гэж өнгөрсөн долоо хоногт дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо баасан гариг (2019 оны нэгдүгээр сарын 11-нд)-ийн 23 цагт хэлэлцээд, энэ долоо хоногийн пүрэв гаригт чуулганд оруулахаар төлөвлөжээ. Төслийг хэлэлцэж байгаа байдлаас харвал гишүүдийн байр суурь харилцан адилгүй байна. Д. Хаянхярваа гишүүн “УИХ-ын даргыг чөлөөлчихөөд энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй”, Л. Оюун-Эрдэнэ гишүүн “ хууль батлагдахаас өмнө УИХ-ын дарга өргөдөл өө өгнө гэдэгт найдаж байна. Нэг хүнд зориулж хууль баталж болохгүй” гэж хэлж байх жишээтэй. Харин гишүүн Ж. Мөнхбат “парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын дархлааг хадгалахын тулд УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлтийг 39 гишүүн өргөн мэдүүлдэг, шийдвэрлэхдээ  3/2 буюу 51 гишүүний саналаар чөлөөлдөг заалт оруулах ёстой” гэж хэлж байна. Үүнээс өөр байр суурьтай гишүүд ч байгаа биз. Ерөнхйлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг  гишүүд УИХ-ыг гацаанаас гаргах нэг гарц мөн гэж үзсэн тул хэлэлцэн батлах магадлал өндөр байгаа бололтой.


Хууль батлагдсаны дараа гарах үр дагаварын талаар үзэл санаагаа гишүүд уралдуулж байна. Парламент дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д. Эрдэнэбат“парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын дархлаа сулрана” гэж хэллээ.Тус намын бүлгээс УИХ-ын дархлааг хадгалж үлдэх үүднээс УИХ-ыг өөрөө тарах тогтоолын төсөл санаачлан гишүүдийг гарын үсэг зурахад уриаллаа. Гарын үсэг зурах болоход шудрага үнэний төлөө зүтгэж байгаа гэх гишүүдээс гарын үсэг зурах хүн гарсангүй (Ж. Батзандан, Л. Болд, Т. Аюурсайхан, Л. Оюун-Эрдэнэ, Х. Нямбаатар). Баттөр хуульч “ болсон явдлыг зохицуулж байгаа нь зөв мэт харагдах боловч гарах үр дагаврыг  авч үзвэл өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тийм ч оновчтой шийдэл биш” гэж хэлжээ.


Хууль нийтэд зориулагдан гардаг. Гэхдээ  гарцаагүй нөхцөлд хууль (нэг хүнд зориулан)-д нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдол парламентын засаглалтай болсон Монгол улсын нэн шинэ  түүхэнд бол бий. Хоёр парламент дамжин 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг.  Энэхүү  өөрчлөлтийн амин сүнс нь Ерөнхийлөгчийн Ерөнхий сайдыг томилоход оролцох оролцоог хязгаарласан юм. Мөн чуулганы ирц 51 гишүүнээр байсанг 39 болгосон. Ийм хоёр өөрчлөлтийг далдлах маягаар  долоон өөрчлөлт оруулсан. Хожим нь олон нийт Үндсэн хуулийн тэр нэмэлтийг  “дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэх болсон билээ.


УИХ-ын тухай хуулийн нэмэлт, түүнийг дагасан хуулийн төслүүдийн талаар “нэг хүн”-д зориулсан хуулийн төсөл гэж  үзэх иргэд олон байгаа нь ажиглагдлаа. Хэрэв олон нийт ингэж үнэлвэл хууль батлагдаж, УИХ-ын дарга чөлөөлөгдсөний дараа нааштай үнэлэлт авахгүй байх магадлал улам өндөр болно. Одоогийн байдлаар УИХ-ын даргыг чөлөөлөх саналыг 39 гишүүн өргөн мэдүүлэх хуулийн төсөл, УИХ-ыг өөрөө тарахад гарын үсэг цуглуулах гэсэн хоёроос өөр гарц гарч ирээгүй байна. Эдгээр санаачлага парламентын   гацааг гарц руу чирч эхлэв бололтой. Харин гарц түр  зуурынх уу, бүр үү гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөхөд эрт байна.  Хуулийн төсөл батлагдвал гишүүдийн гарын үсгийг цуглуулж тогтоолын төсөл өргөн барих шинэ эрх зүйн орчин  бүрдэнэ.


-УИХ-ын 40 орчим гишүүн, УИХ-ын даргыг сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага тавьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо уг шаардлагыг хэлэлцэх хууль эрх зүйн боломжгүй гэж үзсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд гацаж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хамгаалах шаардлагын хүрээнд Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэж хуулийн төслийн танилцуулгад дурьджээ.

Холбоотой мэдээ