Нийслэлийн цэргийн бүртгэл 53 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-14 19:20:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын байранд өнөөдөр есөн дүүргийн цэргийн штабын удирдлагууд цэргийн бүртгэлийн явцыг танилцуулав. Бүртгэл 53 хувьтай байгааг НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр мэдээллээ.

Тэрбээр, "Бүртгэл дуусахад долоо хоногийн хугацаа үлдэж байгаа тул иргэний үүргээ биелүүлж цэргийн бүртгэлдээ идэвхитэй оролцохыг нийслэлийн Цэргийн штабаас уриалж байна.

Хэрэв цэргийн бүртгэлд хамраагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 нэгжээр торгодог. Мөн байгууллага, ААН-үүд иргэнийг цэргийн бүртгэлдээ оролцоход саад учруулсныг тогтоовол 1 сая төгрөгөөр торгох заалттай” гэв.

Энэхүү бүртгэлийн ач холбогдол нь Монгол Улсын оршин тогтнох үндэс, аюулгүй байдлыг хангаж, Батлан хамгаалах салбарын бэлтгэл нөөцийг тодорхойлдог аж.



Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн цэргийн бүртгэлийн явц хамгийн бага буюу 46.2 хувьтай байгаа бол Багахангай дүүргийнх 66.1 хувиар хамгийн өндөр байгаа аж.

Бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдана. 

Бүртгэлийг  ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна.

Холбоотой мэдээ