Гахайн мах борлуулдаг 74 цэгийн 50 хувьд мялзан өвчин илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын хуралдаанаар гахайн мах борлуулдаг 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь Африкийн гахайн мялзан өвчин илэрсэн талаар Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ.
Өнөөгийн байдлаар Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, гахай болон гахайн мах, махан бүтээгдэхүүнд дээрх өвчин илэрчээ.
Хуралдааны үеэр БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглохоор шийдвэрлэлээ. Мөн гахайн мах импортлогч 10 ААН-д мэдэгдэл өгч, агуулахыг нь лацдаад байна. Гахайн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг ресторан, кафе, баар, хоол, цайны 4250 газарт хяналт шалгалт, тандалт судалгаа явуулж эхэлжээ.
Одоогоор 450 гахайг устган булшилж ариутган, халдваргүйжүүлсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай учир ажлаа эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо. Түүнчлэн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт даалгав.
Африкийн гахайн мялзан өвчин нь гахайнаас гахайнд халддаг, өндөр халуурах, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэс үрэвслээр илэрдэг, эд эрхтний үхжил үүсгэдэг гоц халдварт өвчин юм. Хэдийгээр хүнд халддаггүй ч гахайн мах, өөх, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар БНХАУ, Польш, Молдав, Марокко, Израиль, Латви, Украин, Унгар, ХБНГУ, Япон, Болгар, Бельги, Словак, Румын гэсэн 14 улсад энэ өвчин бүртгэгдэж, нэг сая гаруй гахай өвчилжээ.