Х.Мөнгөн-Өлзий: Санхүүжилтгүй ч төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-15 22:07:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа.

Өнгөрсөн онд тус номын сангийн хамт олон санаачлан “Өвөг дээдсээс авснаа, үр хойчдоо уламжилъя” төсөл боловсруулсан. Хэдийгээр төслийн санхүүжилт байхгүй ч нэг сая төгрөгөөр гараагаа маш амжилттай хийж, долоон суманд төслөө амжилттай эхлүүлсэн. Цаашид төслийн санхүүжилт тодорхой болоогүй ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж. 

-Сайн байна уу та? Урилга хүлээн авсан баярлалаа?

-Сайн, сайн байна уу. Оны эхэнд ажлынхаа талаар уншигчдад шинэхэн мэдээлэл өгөх ховор боломж олгосон танд баярлалаа. 2018 он манай номын сангийн хувьд багагүй амжилттай, сайхан жил болж өнгөрлөө. Он гарсаар бид үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахаас гадна 2019 оныхоо ажлын төлөвлөлтийг хийж байна.

-Мэдээж уламжлалт үйл ажиллагаанууд явагдах байх. Үүнээс гадна шинэ шинэлэг ажил үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн үү?

нгөрсөн онд манай хамт хэд хэдэн ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Мэдээж уламжлалт үйл ажиллагаанууд явагдахаас гадна бид өмнөх онд хийж хэрэгжүүлсэн, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ илүү сайжруулахын төлөө ажиллана. Цаашлаад бидний хамгийн том амжилт гэж болох төслөө бүрэн төгс хэрэгжүүлнэ.

-Төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Төсөл маань “Өвөг дээдсээс авснаа, үр хойчдоо уламжилъя” нэртэй бүтээлч үйлдвэрлэлийн төсөл л дөө. Хамгийн чухал нь урт хугацаанд үргэлжлэх боломжтой юм. Иргэдэд тэр дундаа алслагдсан нутаг дэвсгэрийн иргэдэд номын сангийн үйлчилгээг ойртуулах, тасралтгүй хүргэх, номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад Сүхбаатар нутгаас төрөн гарсан нэрт яруу найрагч, зохиолчдын бүтээл, тэдний хүсэл зорилгын биеллийг хэрэгжүүлж, хойч үедээ таниулан уламжлуулах, зохиолч яруу найрагчдаараа бахархах үзлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ номын санч нар харилцан туршлага солилцож, тус бүрийнхээ үйл ажиллагааг өөрийн биеэр үзэж танилцсанаар номын сангуудын  уялдаа холбоо сайжирч тэдний мэргэжил, ур чадвар дээшлэн, соёлын Бүтээлч үйлдвэрлэл бий болгож байгаа юм.

-Өнгөрсөн жил санхүүжилт авч чадаагүй ч өөрсдөө амжилттай эхлүүлсэн шүү дээ. Цаашид санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх гэж байна?

-Хамгийн чухал асуудал энэ юм л даа. Энэ төслийн санааг анх номын санч нартаа танилцуулахад маш эрч хүчтэй санал нэгтэйгээр хүлээж авсан. Тиймээс ч өнгөрсөн жил богино хугацаанд ямар ч санхүүжилтгүйгээр эхэлсэн. Номын санч нар болон сумдын удирдлага, иргэд төслийн ач холбогдол үр өгөөжийг маш сайн ойлгосон учраас хамтын хүч дэмээр амжилттай хэрэгжсэнд туйлын баяртай байгаа. Энэ дашрамд төслийг маань дэмжин хувийн зүгээс нэг сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн Цайрт минераль ХХК-ийн захирал С.Батхүү болон сумдын засаг дарга нар, албан байгууллага, ААН, ард иргэдэд номын санч нарынхаа өмнөөс талархал илэрхийлье. Ер нь нэг сая төгрөгөөр долоон суманд төслөө амжилттай эхлүүлж, авъяаслаг номын санчдынхаа “Он цагийн хүрд” тоглолтыг хийгээд ирсэн. Энэ бол хийе, болгоё гэсэн хамт олны маань хичээл зүтгэл, хамтын хүч юм даа. Төсөл өөрөө үнэхээр ач холбогдолтойн дээр анхдагч гэдэг утгаараа олны таашаалыг хүлээж байгаа. Тиймээс цаашид ч санхүүжилтээс үл хамааран төслөө үргэлжлүүлэх болно. 

-Төслийнхөө хүрээнд сумдаар тоглолт хийгээд, номын сангуудын үйл ажиллагаатай танилцаад ирсэн шүү дээ? Ер нь хөдөө орон нутагт нолмын сангийн нөхцөл байдал ямар байна?

-Төсөл маань маш олон талын үр ашигтай. Үүний жишээ нь номын санч нарынхаа үйл ажиллагаатай газар дээр танилцах, төв номын сангаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, номын санч нар өөр хоорондоо харилцан туршлага солилцох гэх мэт үйл ажиллагаанууд давхар хийгдээд явсан. Манай сумдын номын сангуудын үйл ажиллагаа жигд, харьцангуй боломжийн байна гэж харсан. Харин байр савны тохижилт, орчин нөхцөл стандартын хувьд хангалтгүй ганц хоёр  сум байна.

-Тоглолтын хүрээнд хэдэн номын санд, хичнээн төгрөгийн шинэ ном авах мөнгө хандивлав?

-Төслийн хүрээнд тоглолт хийсэн долоон суманд орлогын хувьд харилцан адилгүй байсан. Гэхдээ бид эдгээр сумдад нийт 6,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тодруулбал, Сүхбаатар суманд нэг сая төгрөг, Асгат сум таван зуун арван гурван мянга, Наран сум гурван зуун арван долоон мянга, Дарьганга сум нэг сая хоёр зуун далан таван мянга, Баяндэлгэр сум долоон зуун мянга, Уулбаян сум нэг сая хоёр зуун хорин таван мянга, Мөнххаан сум нэг сая нэг зуун мянган төгрөгөөр тус тус номын баяжилт хийхээр болсон. Тогтмол фондоо баяжуулаад байж чаддаггүй сумдын хувьд энэ бол бага мөнгө биш. Номын санчид иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн өөрсдөө номоо сонгон авах юм.

-Та бүхний санаачилсан төсөл үнэхээр анхдагч байж чадсан. Яг л ийм шинэ соргог зүйлийг иргэд хүсч байна. Тэгэхээр үүндээ урамшаад өөр юу хийх вэ гэдгээ хэдийн бодож тунгаасан байх?

-Төсөл бол үнэхээр анхдагч байж чадсан. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Бид гараагаа маш амжилттай эхэлсэн. Тиймдээ ч Монголын номын сангуудын консорциумаас жил бүр тодруулдаг номын сангийн салбарын #ONTSLOH10AWARDS-аас манай номын сангаас санаачлан "Өвөг дээдсээс авснаа, үр хойчдоо уламжлъя" төслийн хүрээнд хэрэгжүүлсэн нутгийн зохиолчдынхоо бүтээлийг сурталчлах зорилгоор хийгдсэн "Он цагийн хүрд" номын санчдын аялан тоглолт маань FUNDRAISING буюуОны онцлох хөрөнгө босгох ажил”-аар шалгарсан. Бид бүхний хамтдаа эхлүүлсэн ажлын амжилт, үр дүнгийн нэгээхэн илрэл бол энэхүү нэр хүндтэй шагнал юм. Мэдээж бүгд үүндээ урамшиж, цаашид үлдсэн сумдад төслөө хэрэгжүүлэх, дахин төслийн хүрээнд хийх шинэлэг ажлуудыг хамт олноороо хэлэлцэж байна.


-Ер нь сум гэлтгүй аймгийн төвд ч яг номын санд суугаад ном уншдаг хүн ховор болсон. Тэгэхээр уншигч, үйлчлүүлэгчдээ татахын тулд цаашид хэрхэх вэ?

-Манай төв номын сангийн хувьд аймгийнхаа театр дотор байрладаг болохоор  яалт ч үгүй орчин нөхцөл ихээхэн шалтгаалж байгаа. Хэдийгээр тохь тухтай боловч дуу чимээ ихтэй, олны хөл тасардаггүй газар. Тэгэхээр бид байртай болох асуудал нэн чухал болоод байгаа. Энэ талаар үе үеийн удирдлагууд хэлж, танилцуулсан. Нэг л өдөр бид өөрсийн гэсэн байртай болно гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ байргүй гээд зүгээр сууна гэсэн үг биш юм. Бид байгаа боломж нөхцлөө ашиглан номын сангийн үйлчилгээг тасралтгүй иргэдэд хүргэх ёстой. Уншигч, үйлчлүүлэгчдээ татахын тулд уншлагын танхимуудын орчин нөхцлийг сайжруулах талаар хэдэн жижиг төсөл дээр ажиллаж байна. Мөн энэ онд уншигч үйлчлүүлэгч нартаа хүрч ажиллах талаар олон ажлууд төлөвлөж байна даа.

-Нийтийн номын сангийн шинэ байрны асуудал хамгийн чухал байна гэлээ. Мэдээж хөөцөлдөж байгаа байх.  Энэ ажил хэр урагштай байна, боломж байна уу?

Байрны асуудлыг шат шатны холбогдох хүмүүст байнга хэлж, танилцуулдаг. Бүгдд нөхцөл байдлыг ойлгож байгаа ч үнэндээ ажил хэрэг болгох тал дээр жаахан удаашралтай л байна. Энэ байрны асуудал чинь ганцхан өнөөдөр яригдаад байгаа зүйл биш. Манай номын сангийн үе үеийн удирдлагууд ярьсаар ирсэн ажил. Аймаг орон нутаг соёл урлагийн байгууллагуудаа бодлогоор дэмжих цаг ирсэн гэж би боддог. Болгоё гэвэл боломж хаа сайгүй л байгаа, хамгийн гол нь сэтгэл зүтгэл л хэрэгтэй байгаа юм. Боломжгүй , бүтэхгүй зүйл гэж байхгүй шүү дээ.

-Номын сан хэдэн жил л газар газрын хэдэн өрөө тасалгаа дамжиж ирсэн нь үнэн. Тэгэхээр үүнийг даруй ажил хэрэг болгох шаардлагатай юм шиг?

-Тийм. Бид хүний оюуны өмчийг сахин хамгаалж, бас уншигчдад танилцуулж, тэдний оюуны хэрэгцээний гүүр нь болж байдаг. Гэтэл бид хэдий болтол уншигч, хэрэглэгчиддээ стандартын шаардлага хангахгүй байраар үйлчилсээр байх уу гэдэг бас л асуудал. Уг нь шинэ байрны асуудал шийдэгдвэл энэ нь аймаг орон нутгийнхаа иргэдэд оруулж буй маш том оюуны хөрөнгө оруулалт болох юм.

-Ер нь аймгийн нийтийн номын сангийн фонд хичнээн номтой юм бэ? Хамгийн сүүлд номын баяжилт хэзээ хийгдэв?

-Уншигчдын эрэлт хэрэгцээ шаардлагыг үндэслэн төсөвхандиваар фондоо бүрдүүлэн ажиллаж  нийт 101 сая төгрөгийн 50 орчим мянган номтой болоод байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 4,1 сая төгрөгийн 182 нэр төрлийн 259 ширхэг номоор фондын  баяжилт хийгээд байна. Ер нь бол жил бүр төсөв болон хандиваар шинэ номын баяжилт тогтмол хийгддэг.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье?

-Баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 

Холбоотой мэдээ