Ховд аймгийн 16 сумын цэцэрлэгт гэр олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-16 13:31:24

Ховд /МОНЦАМЭ/ Цэцэрлэгт хамрагдахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх хувийг хөдөө орон нутгийн малчдын хүүхдүүд эзэлж байгааг харгалзан сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор “Хүүхэд бүр цэцэрлэгт” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн 16 сумын цэцэрлэг тус бүрт нэг гэр олгохоор шийдвэрлэсэн байна.

Одоогийн байдлаар Цэцэг, Чандмань сумын цэцэрлэгт гэр олгожээ. 

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа чухал байдаг. Тэгвэл сумдын гэр цэцэрлэгийн ашиглалтын хугацаа дууссан учраас сүүлийн жилүүдэд малчдын гэрийг түрээслэн авч, үйл ажиллагаагаа явуулж байсан юм. 

Ховд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 32 цэцэрлэг, хувийн өмчийн 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 80 гаруй хувь буюу 7800 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.

                                                                                           Н.Лхагва 

Холбоотой мэдээ