Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын тоотой уялдуулах хэрэгтэй байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-01-17 08:59:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр өдөр чуулсан “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл чуулганаас өчигдөр оролцогч төлөөлөгчдийн тавьсан зарчмын саналуудыг тусгасан 16 зүйлтэй зөвлөмжийг гаргаж УИХ-ын Ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байна.

Зөвлөмжид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэн тогтоож, үндсэн органик хуулийн хувьд тогтвортой мөрдөх, удаан настай тулгуур хууль байхаар тусгажээ. Мөн салбарын хуулийг дагаж өөрчлөгдөх бус харин салбарын хууль нь энэ хуульд нийцэж гарч байх зарчмыг хадгалахыг тусгажээ.

Орон нутагт иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай, чанартай, тогтвортой, тасралтгүй байх харилцааг төлөвшүүлэхэд төрийн чиг үүргийг шат шатандаа давхардалгүй, оновчтой, ялгавартай байх чиглэлийг тогтооно гэсэн байна. Чуулганы төлөөлөгчид хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлавал 2024 оноос хэрэгжихээр заасан хугацааг наашлуулах саналыг гаргажээ. Цаашлаад,

  • Хуулийн төслөөс хот тосгоны асуудлыг хасах, 
  • Бүх шатны Засаг дарга нарт тавих шаардлагыг Төрийн албаны шинэ хуультай нийцүүлэх,
  • Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн боловсролд шалгуур тавьж, төрийн үйлчилгээний албанд ажиллагсдаас төлөөллийг оролцуулдаг болох,
  • Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын тоотой уялдуулах,
  • Бүх шатны ИТХ-д улстөрийн намаас нэр дэвшүүлдгийг өөрчилж, намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг байх гэсэн саналуудыг гаргажээ.


Орон нутгийн түвшинд төрөөс хэрэгжүүлэх нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд төсөв, санхүүгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж, эдийн засгийн бие даасан байдлыг хангах,  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тодорхой чиг үүргийг хуулиар хүлээлгэх бол шаардлагатай төсөв, санхүүжилтийг хамтад нь шийддэг байх, хэрэв санхүүгийн асуудал нь шийдэгдээгүй бол тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг үүсэхгүй байхад анхаарна гэсэн байна.


Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг улс төрөөс ангид байх зарчмыг тогтоож, ИТХ-ын даргад нэр дэвших хүнд сумын Засаг даргад тавьдаг шалгуурыг нэгэн адил тавьж байх, аймаг, сум, дүүргийн ИТХ ажлын албатай байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.


УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгтийн танилцуулснаар, Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганы хуралдаанаар нийт 9 илтгэл хэлэлцэж, хэлэлцсэн илтгэлүүдтэй холбогдуулан 10 гаруй төлөөлөгч санал, бодлоо илэрхийлжээ.

 

Холбоотой мэдээ