БНАСАУ-ын удирдагч Вьетнамд төрийн айлчлал хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-18 11:14:33

ПЁНЬЯН. /Yonhap/. АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын талаархи яриа хэлэлцээ өрнөж буй үед “Вьетнам БНАСАУ-ын удирдагчийг хүлээн авах бэлтгэлээ хийж байна” гэж “Ройтерс” агентлаг баасан гарагт уг хэлэлцээний ойрын эх сурвалжийг иш татан мэдээлэв.


Ройтерс” агентлагийн мэдээнд тэмдэглэснээр, Ким Жөн Ун ирэх хоёрдугаар сарын 4-8-нд болох Цагаан сарын баярын дараа Вьетнамд төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа ажээ. Өөр нэгэн эх сурвалж БНАСАУ-ын удирдагчийн айлчлалын талаархи мэдээллийг баталсан боловч товын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.


Вьетнамын Гадаад хэргийн яамнаас энэ талаар тодруулга хүсэхэд хараахан хариу ирүүлээгүй байгаа ажээ.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сүүлийн үеийн мэдээнд тэмдэглэснээр, Дональд Трамп болон Ким Жөн Уны дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг Вьетнамын нийслэл Ханой болон Дананг хотод зохион байгуулж магадгүй байгаа юм. Мөн Таиландын нийслэл Бангкок хот ч уг жагсаалтад багтаж байна.


“Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газрыг ойрын хугацаанд олон нийтэд зарлана” гэж Д.Трамп нэгдүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ.


АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хэлэлцэхээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ён Чоль Вашингтон хотноо өчигдөр очсон байна.

Холбоотой мэдээ