Тусгай эмнэлгийн мэргэжилтнүүд тэтгэвэрт гарахад мөнгөн тэтгэмж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-18 11:06:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Уг хуульд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны эмнэлэгт ажиллаж буй эмч, ажилтан, алба хаагч нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, мэргэжил дээшлүүлэх боломжийг хангах зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох” заалт оруулсан байна. Мөн тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа бол улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар хуульчиллаа.

Хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.2 хувь дэмжсэн юм.

Холбоотой мэдээ