Чехийн тусгай албаны анхааруулгад Хятад хариу арга хэмжээнүүдийг авч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-18 11:37:09

ПРАГА. /TASS/. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс Хятадын харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэгч “Huawei” болон “ZTE” компанийн технологиудыг ашиглахаас татгалзах тухай Чехийн тусгай албанаас саяхан өгсөн зөвлөмжийн хариуд Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авч эхэлжээ. Энэ тухай Чехийн Ерөнхийлөгч Милош Земан пүрэв гарагт Прага хотын телевизийн "Barrandov" сувгаар үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


“Чехийн тусгай албанаас өгсөн анхааруулгад Хятадын тал хариу арга хэмжээ авч эхэллээ. Тус улс хоёр орны Гадаад хэргийн яамдын түвшинд зөвлөлдөх уулзалтыг цуцалж, энэ оны эхээр явуулахаар төлөвлөж байсан эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэж Земан онцлон тэмдэглэсэн байна.


Тэрбээр мөн Хятад улсад дөрөвдүгээр сард хийх айлчлалынхаа үеэр Чех-Хятадын харилцаанд үүссэн түгшүүртэй байдлыг намжаахыг оролдоно хэмээн цохон тэмдэглэжээ.


Чехийн тусгай албаны өгсөн зөвлөмжийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсын Засгийн газар “Huawei” болон “ZTE” компанийн технологиудыг ашигладаг мэдээллийн системүүддээ шалгалт хийх үүргийг төрийн болон арилжааны 160 компанид 10 хоногийн өмнө өгсөн байна.


БНХАУ-тай хийж буй худалдаа-эдийн засгийн харилцаа муудах нь тус улсын зах зээлд бизнесээ хөгжүүлж буй Чехийн компаниудын хувьд маш сөрөг нөлөөтэй гэж Земан хэлжээ. Тухайлбал, Чехийн автомашин үйлдвэрлэгч “Skoda” болон олон улсын санхүү-хөрөнгө оруулалтын компани болох “PPF” хамгийн их хохирол амсч магадгүй аж. Түүнчлэн Чехэд гар утасны тав дахь үеийн 5G сүлжээг хөгжүүлэхэд 8.5 тэрбум кроны /ойролцоогоор 385 сая ам.доллар/ хөрөнгө оруулах “Huawei” компанийн төсөл гацаанд орж болзошгүй байна.

Холбоотой мэдээ