Т.Ганболд бусдыг гүтгэж байна гэж Д.Дорлигжавын өмгөөлөгч нар үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-18 15:25:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алтан Дорнод Монгол” ХХК-тай холбоотойгоор 4 сая ам.доллар авсан гэх үндэслэлээр цагдан хоригдсон Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд дээрх хэргийн талаар мэдээлэхдээ, "Гурван этгээдийн хооронд байгуулсан гэрээний нэг хэсэгхэн зүйл заалтыг тусгасан хуудас цаасыг үндэслэн ярьсан учир олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөөгүй. Зүй нь ерөнхий гэрээ, холбогдох захидал, харилцааг бүрэн дэлгэн танилцуулах ёстой байсан. Ингэж байж бодит мэдээлэл болох байсан” гэж үзэж байв.

Хэрэг явдал “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн өмнөх захирал, ОХУ-ын иргэн С.В.Паушок болон Т.Ганболд нар 2011 оны наймдугаар сард дээрх компанийн хувьцааг 23 сая ам.доллароор худалдах, худалдан авах гэрээ хийснээс үүдэлтэй гэж байв. Учир нь үүний өмнө “Ракет” ХХК С.В.Паушоктой мөн худалдан авах гэрээ хийж урьдчилгаа болох 3 сая ам.долларыг шилжүүлээд байжээ. Улмаар худалдан авах төлбөрөө гэрээнд зааснаар төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээг цуцалж, Т.Ганболдын “Phoenix Sino Limited” ХХК худалдан авахаар болж, бизнесийн харилцааны явцад үүссэн өр төлбөрийг шилжүүлсэн асуудал юм. Ийм атал Т.Ганболд бүрэн бус мэдээлэл тараан Д.Дорлигжавыг санаатайгаар хэлмэгдүүлэн гүтгэж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Б.Болд

Холбоотой мэдээ