Улиастай сумын өрхийн эмнэлгүүд 16000 орчим иргэнд үйлчилжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-01-20 20:51:30

Завхан/МОНЦАМЭ/.Улиастай сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд угтах, эргэх, лавлах, зөвлөх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх үйлчилгээг нэг дор үзүүлж нийт 16000 орчим иргэнд үйлчилгээ үзүүлсэн тухай Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Өмнө нь өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бол өнгөрсөн 2018 онд тусламж үйлчилгээний төрлүүдээ нэмж чанар хүртээмжээ сайжруулжээ. Тухайлбал өрхийн эмнэлгүүд дээр иргэд ханиад томууны дэгдэлтийн үед зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныханд томуугийн дэгдэлтийн үед 414 иргэнд утлагын үйлчилгээг үзүүлжээ. Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхлэн сорьц тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүлэн цус, шээс, биохимийн шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ авч давхардсан тоогоор 3584 иргэний шинжилгээг авсан байна. Мөн цахим-эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд цахим жор үйлчилгээг нэвтрүүлж давхардсан тоогоор 15876 иргэнд үйлчилжээ.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийж байгаа гэлээ

Улиастай сумын хэмжээнд “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрт хамрагдах 15-39 насны 5607 иргэн байдаг. Үүнээс өнгөрсөн жил 3201 иргэн хамрагджээ.

Энэхүү илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 2319 иргэнээс В вирус 125, С вирус 74 илэрч идэвхжил үзүүлэх шинжилгээнд хамруулан дараагийн шатны эмчилгээнд хамруулаад байна. Харин “Элэг бүтэн-Завхан” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын таван өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн авахад зориулан Улиастай сумын ЗДТГ-аас зургаан сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим хувийн эмнэлгүүдтэй хамтран Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 4100 гаруй хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 1200 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Энэ үеэр хүүхдүүдийн 65 хувь нь шүдний өвчлөлтэй гарч эрүүлжүүлэх ажлыг улиралд нэг удаа зохион байгуулснаар Улиастай сумын сургуулийн болон, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдний өвчний эрүүлжилт сайжирсан байгаа.

Он гарсаар өрхийн эрүүл мэндийн төвүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Учир нь томуугийн дэгдэлт их байгаа энэ үед нярай болон, бага насны хүүхэдтэй айл өрхүүдээр өрхийн эмнэлгүүд тогтмол хуваарийн дагуу үзлэг оношилгоо, зөвлөгөө өгч ажиллаж байна. Бүх насныханд томуугийн дэгдэлтийн үед хүчтэй антибиотик хэрэглэхийг зөвлөхөөс илүүтэй дархлаагаа дэмжих, сайжруулах, харьяа өрхийн эмнэлгүүдээрээ үнэ төлбөргүй утлага хийлгэхийг зөвлөж байгаа. Мөн уртасгасан цагаар ажиллаж бямба гаригт ч мөн үйлчилгээ үзүүлж буй тухай мэдээллийг мөн Улиастай сумын ЗДТГ-аас өглөө. 

Холбоотой мэдээ