Сурагчдын амралтыг 2 дугаар сарын 11 хүртэл хойшлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-21 14:19:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч дарга А.Түвшинбат холбогдох удирдлагуудтай уулзалт хийж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн БСШУС-ын сайдын тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 11-нийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.

Ийнхүү хойшлуулах болсон шалтгаан нь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчний хувь хэмжээ өнөөдрийн байдлаар 9.7 хувьтай байгаатай холбоотой юм. Харин цаашид өвчлөлийн төлөв ямар байх талаар яаралтай судалж мэдээлэхийг Эрүүл мэндийн газарт даалгав.

Мөн Шарын гол сумын хэмжээнд 0-15 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, амбулаторийн үзлэгийн дунджаар томуугийн эзлэх хувь 17 хувь болж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц багасах, өвчлөлийн хувь 20-35 хувьд хүрэх төлөвтэй байгаа учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалаар баталсан журмын 2.4.1 дэх хэсгийг үндэслэн цэцэрлэг сургууль зэрэг хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах, нийтийн цуглааныг хязгаарлахыг тус сумын Онцгой комисст үүрэг болгосон ажээ.


Түүнчлэн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн удирдлагуудад уг шийдвэрийг танилцуулж, томуугийн дэгдэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагуудтай төлөвлөгөө гарган хамтран ажиллахыг БСУГ-т үүрэг болголоо.

Холбоотой мэдээ